Хүчингийн хэрэг үйлдсэн багшид оноосон ялыг хэвээр үлдээлээ
Сургалтын төвийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн жил гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Глобал бизнес солюшн” сургалтын төвийн багш Э нь 2020 оны гуравдугаар сард тус төвд суралцаж байсан 17 настай Н-ыг хүчирхийлснийг хохирогч хэд хоногийн дараа ээждээ хэлснээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас дээрх сургалтын төвийн багш Э-д холбогдох хэргийг хянаж 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 2020 оны наймдугаар сард яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.
Шүүхээс Э-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.