Олон улсын аудитын байгууллага Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэв
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.04.26) Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Олон улсад нэр хүнд бүхий KPMG аудитын байгууллагаас Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан. Монголбанкнаас хийсэн хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа.
Хөгжлийн банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗҮГЭЭС ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2022 ОНЫ УДИРДЛАГЫН БАГИЙГ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАСАН ГЭЖ ҮНЭЛЭВ
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны удирдлагын баг амжилттай ажиллаж, зорилгоо биелүүлсэн. Тийм учраас Хөгжлийн банкны удирдлагын багт хувь нийлүүлэгч Засгийн газрын зүгээс хангалттай сайн гэсэн үнэлгээг тавьсан” хэмээн тодотголоо.
Мөн тэрбээр “Энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30.0 тэрбум иений Самурай бондын төлбөрийг барагдуулах эх үүсвэрийг бүрэн бүрдүүлсэн. 2023 оны есдүгээр сард төлөх 500 сая ам.долларын Евро бондоос 86 сая ам.долларын бондыг эргүүлэн худалдан аваад байна. Одоогийн байдлаар 500 сая ам.доллароос 415 сая орчим ам.долларын өр үлдсэн. Энэ оны эхний хагас жилд бид энэ өрийн хэмжээг 400 сая ам.доллар луу оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгасан байна. Мөн гадаад бондуудын эргэн төлөлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.