Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ
2023 оны 5 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 679,482,860 төгрөгийн үнийн дүн бүхий 2,577,345 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эрчим Баян Өлгий ХК (BOE +15.00%), Хаан банк ХК (KHAN +14.97%), Мерекс ХК (MRX +14.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.70%), Монгео ХК (MOG -4.41%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -2.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,122 ширхэг нэгж эрх 17,829,626 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 40,000,000 төгрөгөөр,
-Багцын арилжаагаар 62,000 ширхэг үнэт цаас 341,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1,078,312,486 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 1.41% хувиар өсч, 38008.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,083,339,255,469 төгрөг боллоо.
Дорноговь аймаг гарааны бизнес эхлүүлж буй компанийн орлогод ногдох татвараас 5 жил чөлөөлнө (Montsame.mn)
Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.69 тэрбум ам.доллар хүрсэн нь сүүлийн 14 сарын дээд хэмжээ боллоо. Энэ нь өмнөх сараас 7.57 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Монголбанк мэдээлэв. Гадаад валютын нөөцийн хэмжээ 2022 оны мөн үетэй харьцуулахад 11.58 хувиар, оны эхнээс 8.8 хувиар нэмэгдсэн байна. Монголбанкны гадаад валютын дуудлага худалдааны мэдээллээс харахад дөрөвдүгээр сард банкнуудаас ам.доллар худалдах болон худалдан авах санал аль аль нь ирсэн бөгөөд зөвхөн нэг удаад 22 сая ам.доллар худалдсан байна. Мөн Монголбанк “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын валютыг худалдан авч байгаа юм. 2023 онд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн дарамт үргэлжилсэн хэвээр байх бөгөөд бондын эргэн төлөлт, импортын өсөлт зэргээс ихээхэн хамарна гэж Дэлхийн банк онцоллоо.
Сайн мэдээ: Өрийн дарамт буурав! (News.mn)
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2023.05.01/ сайн мэдээ дуулгасан нь 2017 онд гаргаж байсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар бүрэн барагдуулж дууссан тухай. Ингэсээр Засгийн газрын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан байна. 2021 оны нэгдүгээр сарын 25 буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нийтдээ зургаан багц бондын өрийг төлөх үүрэг хүлээжээ. Тиймээс өнгөрсөн хоёр жилд төсвөөс төлөхийг төлөх, төлөх боломжгүйг нь дахин санхүүжилт татах замаар шийдвэрлэж ирсэн байна. Тухайлбал, “Кредит сервис” банктай хийсэн арилжааны зээл 60 сая ам.доллар. “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.доллар, “Чингис” бондын 136.8 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 368.4 сая ам.долларыг өрийг төлж дуусгасан байна.
БНСУ-ын экспортын уналт саарсан нь эрэлт тогтворжиж буйн дохио болов (Bloombergtv.mn)
БНСУ-ын экспортын уналт дөрөвдүгээр сард саарсан нь дэлхий даяар сул түвшинд байсан эрэлт сэргэж эхэлсэн байж магадгүйн дохио боллоо. Ажлын өдрүүдэд харгалзуулан тооцсон нийлүүлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан нь 12 дугаар сараас хойших хамгийн бага дүнгээр буурсан үзүүлэлт болсныг тус улсын гаалийн статистик мэдээлэл харуулж байна. Цаашлаад тус улсын Европт хийх экспорт өсөж, БНХАУ руу чиглэсэн экспорт буурсан нь гадаад худалдаа сэргэж буйн илрэл болж буй хэдий ч БНСУ-ын технологийн бүтээгдэхүүний экспорт доогуур түвшинд хадгалагдсан хэвээр байна. Нийт дүнгээрээ БНСУ-ын импорт 13.3 хувиар буурсан нь гадаад худалдааны тэнцэл 2.62 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн ба энэ нь сүүлийн 10 сарын хугацааны хамгийн бага хувийн алдагдалтай үзүүлэлт болжээ.
4 сар дараалан өсөөд байсан “Bitcoin”-ийн ханш унав (Bloombergtv.mn)
Сүүлийн дөрвөн сар дараалан өсөөд байсан “Bitcoin”-ийн ханш даваа гарагт эргэн уналаа. “Bitcoin”-ийн ханш он гарсаар дөрөвдүгээр сар дуусталх хугацаанд өссөн нь 2021 оноос хойших хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн өсөлт болов. Харин даваа гарагт “Bitcoin”-ийн ханш 4.5 хүртэлх хувиар буурч, 28.2 мянган ам.доллар болсон байна. Мөн “Ether”, “Solana” зэрэг койнуудын ханш суларч, дижитал хөрөнгийн “Топ-100” индекс унажээ. 2023 он гарсаар “Bitcoin”-ийн ханш өмнөх оны доод түвшнээс 72 хувиар өсөөд байгаа юм. АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо сулруулна гэж хөрөнгө оруулагч найдаж байгаагаас гадна банкны салбарын уналт уламжлалт мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг бууруулсан нь “Bitcoin”-ийн ханш өсөхөд нөлөөлж байгаа аж. Одоогоор АНУ-ын Холбооны Нөөцийн банк лхагва гарагт болох мөнгөний бодлогын хурлаараа инфляцыг тогтворжуулахаар бодлогын хүүг дахин 0.25 нэгж хувиар өсгөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.