Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ
2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 309,272,203 төгрөгийн үнийн дүн бүхий 866,660 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.91%), Женко тур бюро ХК (JTB +14.33%), Монгол алт ХК (ERS +13.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -6.40%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -5.76%), Гермес центр ХК (HRM -3.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2,105 ширхэг нэгж эрх 1,037,244 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 129 ширхэг бонд 12,505,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 322,814,447 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.26% хувиар өсч, 37344.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,901,103,638,796 төгрөг боллоо.
Орон сууцны үнийн индекс IV сард өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсөв (Bloombergtv.mn)
Улаанбаатар хотод орон сууцны үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өөрөөр хэлбэл энэ нь инфляцын жилийн өсөлтөөс үл ялиг доогуур түвшинд хадгалагдсан үзүүлэлт болж байна. Харин сарын өсөлт 0.2 хувьтай гарч өмнөх сарын өсөлтөөс удааширсан ч хоёрдугаар сартай ижил түвшинд байгаа аж. Улаанбаатар хотын орон сууцны нэрлэсэн үнэ нэг м.кв нь дунджаар 3.53 сая төгрөг буюу өмнөх гуравдугаар сараас 200 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Дөрөвдүгээр сард хуучин болон шинэ орон сууцны зах зээлд гарсан онцлох өөрчлөлтийг харвал Чингэлтэй дүүрэгт байрлалтай хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэг дэх орон сууцны дундаж үнээс давж нэг м.кв нь 4.17 сая төгрөг хүрээд байна. Энэ оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд 67 мянга 958 айлын 353 төсөл хэрэгжиж байгаагаас 55 мянга 719 айлын 253 төсөл захиалга авч байгааг “Тэнхлэг зууч” компанийн судалгаа харуулж байна.
МХБ-д бүртгэлтэй банкнууд 2023 онд ₮91.1 тэрбумыг ногдол ашигт хуваарилна (News.mn)
2023 онд нэр бүхий 33 хувьцаат компани нийт 303 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 101 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Үүнд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компанийн тоо болон өгөөжийн хэмжээний өсөлт нөлөөлснийг Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээс харж болохоор байна. Тухайлбал: “Тавантолгой” ХК-ийн 2023 онд хуваарилах ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн оноос 10.7 дахин өсөж, 144.5 тэрбум төгрөг хүрсэн нь энэ онд олгогдох хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Үүнээс гадна хөрөнгийн захад өнгөрсөн онд “Голомт банк” болон “Төрийн банк” нэвтрээд байгаа бөгөөд 40.4-48 гаруй тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэжээ. Ингэснээр энэ онд олгох 303 тэрбум төгрөгийн ногдол ашгийн 91.1 тэрбум төгрөг буюу 30 хувийг гурван банкных дангаараа бүрдүүлж байна.
Жо Байден, Кевин Маккарти нар өрийн таазны асуудлыг дахин хэлэлцэхээ амлав (Bloombergtv.mn)
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресс дахь Бүгд Найрамдах намын гишүүдтэй өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар уулзсан ч тодорхой ахиц гарсангүй. Хэдий тийм боловч талууд дефолтын эрсдэлээс сэргийлэх тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээ амлажээ. Баасан гарагт болох дараагийн уулзалтаас өмнө төлөөлөгч нар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд төсвийн зарцуулалтын тухай хэлэлцээрийг эхлүүлнэ. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дараа Жо Байден ирэх хэдэн долоо хоногт улс төрийн олон нүүдэл болохыг онцолсны зэрэгцээ яриа хэлэлцээ үр ашигтай байгааг тодотгожээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккартыг Консерватив үзэлтэй улс төрчид өрийн таазны асуудалд хатуу байр сууриа хадгалахыг шаардаж байгаа юм. Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлч нарт хийсэн мэдээлэлдээ “Яриа хэлэлцээгээр ямар ч ахиц гарах төлөвгүй байгаа”-г мэдээлсэн байна. Мөн Жо Байденыг бодитой хэлцэлд хүрэхээс зайлсхийж байна гэж онцолжээ.
“Toyota Motor”-ийн үйл ажиллагааны ашиг $22.3 тэрбум хүрэх төлөвтэй (Bloombergtv.mn)
Автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Toyota Motor” компани 2024 оны гуравдугаар сарыг хүртэлх санхүүгийн жилд үйл ажиллагааны ашиг нь 22.3 тэрбум ам.доллар хүрнэ гэж төсөөлсөн нь шинжээчдийн таамагтай нийцэж байна. Мөн тус компани борлуулалтын нийт орлого нь 283.4 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн 1.1 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдан авах төлөвлөгөөгөө зарласнаар хувьцааны ханш нь 2.5 хувиар өсөөд байна.