С.Мөнхчулуун: Үнийн өсөлт хэрээс хэтэрч байгаа ч, ЗГ үнийг буулгахыг шаардах боломжгүй

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сошиал хуудаст дараах мэдээллийг хуваалцжээ.

Тэрбээр “ШӨХТГ-ын даргаар 8 сар ажилласны хувьд өөрийн харснаа хэлье. Үнийн өсөлт хэрээс хэтэрч байгаа нь үнэн. УИХ, Засгийн газар үнийн өсөлтөд тодорхой арга хэмжээ авах ч ёстой. Гэхдээ ЗГ үнийг хүчээр нэг түвшинд барьж, үнийг буулгахыг шаардах боломжгүй. Харин ЗГ, салбарын яамд тухайн үнэ өсөөд буй бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг судлах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар урт хугацааны, тогтвортой бодлого боловсруулах шаардлагатай. Гэтэл жил бүр тодорхой мөчлөгүүдэд үнэ өслөө гэж шуугиад, гал намжаах арга хэмжээ аваад мартдаг. 3-4 сард малын тэжээл, 5-6 сард махны үнэ, 7 сард төмсний үнэ, 11 сараас гурилын үнэ, бусад үед шатахууны үнэ гэж шуугидаг ч тухайн ААН-үүдэд ЗГ-аас татаас, урамшуулал өгч үнийг нэг удаа барихаас өөр бодлогын арга хэмжээ авахгүй байна.

2022 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа үнийн өсөлтийн талаар бодлогын судалгаа хийж, Хүнс хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамдуудад санал хүргүүлж байсан. Гэвч манай яамдуудын бодлого салбарынхаа ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, татаас, урамшуулал өгөхөөс илүү гардаггүй юм билээ. Үүний цаана ашиг сонирхолын зөрчил байх магадлалтай, улмаар дээрх урамшуулал, хөнгөлөлтүүдийг авахын тулд зохиомол хомсдол үүсгэдэг ч байх магадлалтай. Энэ бүх арга хэмжээнүүд нь зарим нэг ААН-үүдэд давуу байдал олгож, бизнесийн шударга бус өрсөлдөөнийг бий болгохоос өөр үр дүн гаргахгүй байна.

Иймд эдгээр хөнгөлөлт, дэмжлэг авсан ААН-үүд нэг удаа үнэ бариад дараагийн удаа дахин үнэ өсгөж хөнгөлөлт, дэмжлэг, урамшуулал авах хугацаагаа хүлээж суудаг юм байна. Тиймээс дэмжлэг, урамшуулал, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээл өгөх зэрэг тэгш бус байдлыг өөгшүүлэх бодлогоо зогсоо, зөвхөн чөлөөт шударга өрсөлдөөнөөр л бодит үнэ тогтоно” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *