Д.Үүрцайх: Парламент маань давжаа, цөөхөн гишүүнтэй байна
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа
-Парламентад иргэдийн төлөөлөх чадамжийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ?
– 1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулиа бид баталж байхад тухайн үеийн манай улсын нийт хүн ам 2,1 сая байсан. Харин өнөөдөр Монгол Улсын хүн ам 3,4 саяд хүрсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 2017 онд хийсэн хүн амын өсөлтийн хэтийн судалгаанаас харахад 2045 он гэхэд манай улсын хүн ам 5 саяд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан байна лээ. Ингээд бодохоор 1992 онд УИХ-ын нэг гишүүн 27 мянга орчим иргэдийг төлөөлж байсан бол өнөөдөр бараг 45 мянган иргэдийг төлөөлөх хэмжээнд хүртлээ хүн ам өссөн гэсэн үг. Нөгөө талаас парламентад нийгмийн бүх бүлэг, хэсгүүдийн төлөөлөл орж ирэх ёстой.
Ардчилал хөгжөөд зөвхөн олонхын шийдвэр гаргах боломж байхаа болиод зөвшилцлийн ардчилал руу явж байна.
Зөвшилцлийн ардчилал гэдэгт тухайн нийгмийн бүлэг, хэсгүүд бүгд төлөөллөө хангах буюу тодруулбал, багш, эмч, малчин, инженер, хуульч, эдийн засагч гэх мэт тухайн салбар салбарын төлөөллүүд орж ирж байж, тэдгээрийн эрх ашиг хууль тогтоомжид тусгалаа олж, иргэдийн эрх, эрх чөлөө бодитой хангагдах нөхцөл бүрддэг гэж ойлгож болно.
–Та нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөлөл парламентад орж ирэхгүй байгаагийн сөрөг талыг тодруулна уу?
– Парламентад хөрөнгө мөнгө их, эсвэл зөвхөн орон нутагтаа нэр хүндтэй хүмүүс сонгогдохоор тэд ихэвчлэн эдийн засаг, татвар, тендер гэх мэт эрх ашгийн тодорхой нөлөөлөл бүхий лоббины хуулиуд батлаад байх нөхцөлийг бүрдүүлэх сөрөг талууд гарч ирдэг. Ингэхлээр нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөлөл, жишээ нь, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдын эрх ашиг хууль тогтоомжид бодитойгоор тусгалаа олж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Иймд энэ асуудлыг шийдэхэд мэдээж гишүүдийн тоог нэг талаас нэмэгдүүлэх нөгөө талд нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцооны элементийг оруулж ирэх буюу Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд тусгагдсан байгаагаар хосолсон тогтолцоог оруулж ирэх нь тухайн улс төрийн нам нь бодлогоороо дээр дурдсан нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөллийг оруулж ирэх боломжийг бүрдүүлж байгаа юм
-УИХ-ын одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
– Өнөөдөр парламент маань давжаа, цөөхөн гишүүнтэй байна. Энэ нь манай улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэж болох эрсдэлт нөхцөл байдалд хүргэж байна. Учир нь хууль тогтоомжийн гол шийдлүүд УИХ-ын байнгын хорооны хурлаар шийдэгддэг. Гэтэл байнгын хорооны хурлаар маш цөөн гишүүний саналаар зарчмын зөрүүтэй саналууд, эрх зүйн орчны суурь асуудлууд шийдэгдэж байна. Мэдээж цөөн гишүүдэд олон гишүүнд нөлөөлөх оролдлого хийхээс хялбар байх нь ойлгомжтой шүү дээ. Нөгөө талаас манай гадаад орчны нөхцөл байдал маш эрсдэлтэй болж байна. Ийм нөхцөлд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа бол парламентын ардчилал, тэр дундаа парламентдаа олуулаа орж ирж асуудлаа ярилцдаг байх хэрэгтэй байна. Олон намын төлөөлөлтэй ардчилсан төрийн тогтолцоотой байх зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэлүүдээ бид хаах боломж бүрдэж байгаа гэж үзэж байна.
-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөж байгаа, энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү.
-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөөр бол УИХ-ын гишүүний 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорцианаль элементээр сонгохоор тусгасан. Хувь тэнцүүлсэн элементээр сонгогдож байгаа гишүүд бол улсын хэмжээний бодлого ярьдаг, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж сонгогдох учраас намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажилладаг тийм гишүүд болно. Мэдээж Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нийт иргэн, улсынхаа эрх ашиг, сонирхлыг эрхэмлэнэ хэмээн заачихсан байгаа боловч бодит байдал дээр өнөөдрийг хүртэл явж ирсэн олонхын тогтолцоогоор УИХ-ын гишүүд маань тойргийн ашиг сонирхлыг илүү чухалчилж үздэг. Үүнээс болж төсвийн багахан хөрөнгөө 76 тойрог руугаа тарааж цацаад, том хэмжээний хөрөнгө оруулалтууд урагшаа ахихгүй, үр ашиггүй болдог нөхцөл байдал бүрдээд байгаа. Тэгэхээр сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоог нэмэгдүүлснээр Монгол Улсын онцлог буюу орон нутгийн иргэдийн төлөөллийг ч парламентдаа оруулж ирж, тэдний ашиг сонирхлыг хууль тогтоомжид тусгахаас гадна нөгөө талд нь улсын хэмжээний бодлого, том төслүүдээ ярьдаг гишүүдээ ч намын жагсаалтаар оруулж ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр намууд мөрийн хөтөлбөрөө чанартай боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага үүснэ. Иргэдийн асуудлыг шийдсэн, иргэдэд ойлгомжтой, товч тодорхой мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ бодит утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Улсын хэмжээний бодлого амлачихаад нөгөө талд нь тойргийн хэмжээний асуудал яриад яваад байдаг асуудал цэгцрэнэ гэж үзэж байна. Нөгөө талаас Засгийн газар, парламент хоёрын хяналт тэнцэл хангагдана. Тухайлбал, Засгийн газар төсөв, үйл ажиллагааныхаа хөтөлбөр, тухайн жилийн болон урт хугацааны бодлогыг парламентад оруулж ирэхдээ намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаж, иргэдэд танилцуулж санал авсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогуудаа тусгаснаар хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдэх юм. Энэ утгаараа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр бол илүү улсын хэмжээний бодлого, том эрх ашгаа харсан мөрийн хөтөлбөрүүд болно оо гэж үзэх хэрэгтэй.
-Иргэд, сонгогчид УИХ-ын гишүүдийн тоог ямар учраас 152 болгох гэж байгаа талаар их сонирхож байна, энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-152 гэдэг тооны тухайд бол зүгээр нэг гаргаад ирсэн тоо биш. Магадлалын онолоор шийдвэр гаргахад 120-оос дээш хүн оролцсон тохиолдолд хуйвалдаан явуулах юм уу эсвэл нөлөөнд автах магадлал нь багасдаг гэж үздэг. Нөгөө талаас, олон улсад, ялангуяа манай улстай ойролцоо хүн ам цөөн, парламентын ардчилалтай, улмаар өнөөдрийг хүртэл амжилттай явж байгаа улсуудын жишгийг аваад үзэхэд Эстонийн улс төр судлаач Рейн Таагепера томьёолж гаргаж ирсэн “куб язгуурын томьёо”-г хэрэглэж байна. Энэ аргаар тооцвол
Монгол Улсын нийт 3,4 сая иргэнийг 151,6 буюу 152 парламентын гишүүн төлөөлөх нь зохистой гэсэн харьцаа гарч байгаа юм.
Мөн бид нарын уламжилж ирсэн 76 тойрог, үүнийг бас бодож тооцоолж гаргаж ирсэн байгаа шүү дээ. Ийнхүү олон хүчин зүйлийг тооцож, одоо байгаа 76-г нэг дахин нэмэгдүүлээд, жагсаалтаар 76 хүнийг парламентад оруулах, энэ харьцааг 50: 50 байлгах нь зайлшгүй шаардлага болж байна. Жишээ нь, 1980-д оны дундуур Япон Улсын парламентын сонгууль яг манай улс шиг байсан гэдэг. Сонгуулийн үеэр 10 мянган иен сонгогчиддоо тараадаг, зөвхөн тойргийн бодлого явдаг, эдийн засаг нь хямарчихсан, маш том авлигын хэргүүд гарчихсан байдаг гэдэг. Иргэд нь төрдөө болон ардчилалд итгэх итгэл нь бас суларчихсан. Ийм хүнд үед реформ хийж, 1994 онд Сонгуулийн хуулиа өөрчилж, ингэхдээ 40%-ийг нь пропорционалиар сонгодог болгож өөрчилсөн байх жишээтэй. Үүний үр дүнд өнөөдөр Японд улсын хэмжээний бодлого ярьдаг болж, улс төр нь цэвэршиж, улс төрийн авлига буюу сонгогчдод мөнгө тараадаг зохисгүй хэлбэр үгүй болж, сонгуулийн зардал буурч, хувийн хэвшил, ААН-ийн авлига нөлөөнд автдаг байдал нь багассан. Ингэснээрээ нийт иргэдийнхээ эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, улсынхаа ашиг сонирхолд нийцсэн бодлого явуулдаг парламент, Засгийн газартай болсон эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Саяхан болж өнгөрсөн Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд олон нийтийн санаа бодлоор гарч ирсэн парламентын ардчиллыг бэхжүүлэх гэдэг зорилгод нийцэх сонгуулийн тогтолцоо уг нь бүтэн пропорциональ болох ёстой. Тэгэхээр энэ зорилгод хүрэхийн тулд дор хаяж 50 хувь нь пропорцианаль элементээр сонгогдог байж парламентын ардчиллыг бэхжүүлэхэд тусгалаа бага ч гэсэн олох ёстой. Хүн ам сийрэг, өргөн газар нутагтай манай улсын хувьд орон нутгийн төлөөлөл парламентад бас тусгалаа олох ёстой. Энэ үүднээс бол хосолсон тогтолцоог авч болно гэж үзэж байна. Гэхдээ аль болох хувь тэнцүүлэн сонгох нөлөө нь их байхаар бид сонгуулийн тогтолцоогоо тогтоох ёстой. Үүнээс ухрах юм бол бид нарын хийсэн энэ өөрчлөлт үр дүн багатай болно.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгцээ шаардлагыг юу гэж харж байна вэ?
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хамгийн эхний хэрэгцээ шаардлага бол бид тойргийн улс төр гэдэг юм руу орчихсон улс. Улс төрийн авлига өгч сонгогдож, сонгогчдыг хахуульдаж их мөнгө зарж парламентад орж ирсэн улс төрчид нь эргүүлээд тэр мөнгөө олж авахын тулд улс төрийн авлига үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм чөтгөрийн тойрогт орчихсон. Тэгэхээр үүнээс салж, улсын хэмжээний бодлого явуулдаг улс төр лүү орохын тулд бид нар нэг бол бүрэн пропорциональ, үгүй дээ гэхэд дийлэнх нь пропорциональ, дор хаяж тал нь пропорциональ сонгуулийн тогтолцоо руу орох зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм. Ингэж байж төсвөө хэсэглэн хувааж тойргийн бодлого явуулдаг биш улсын хэмжээний бодлого явуулдаг, мөн жалга дов, тойргоороо хуваагдаж хоорондоо тэмцэлддэг биш нэгдэж, нэгдмэл улсын хувьд нэг ард түмэн болох тэр нөхцөл боломж бүрдэнэ.