Үндэсний номын баяр Говьсүмбэр аймагт нээнэ
УИХ-ын даргын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас 33 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр энэ сарын 19-нд Говьсүмбэрт, 21-нд Дорноговь аймагт, Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-нд болно.
Энэ жилийн Үндэсний номын баяр хөдөө орон нутагт эхэлж байна. Монгол сакура буюу буйлс цэцэглэх хавраар “Илүү их уншъя” хэмээн уриалж Говьсүмбэр аймгийн Чойр хотод энэ сарын 19-нд Дуу бүжгийн Боржигон чуулга, Төв номын санд Номын баярын нээлт болно.
Улмаар баярын буухиа Дорноговь аймгийн Сайншанд хотод үргэлжилж энэ сарын 21-нд төв талбайд Номын баярын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Энэ жил Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой болж байна. Баяр дээр баяр нэмсэн сайхан цаг тохиож буй учир баярын аялалд яваа зохиогч, хэвлэн нийтлэгчдийн хувьд ч олон сайхан түүхийг эргэцүүлэн бодох, уран бүтээлдээ тусгах чухал санааг өвөртлөх буй за.
Үндэсний номын баярын нэгдсэн үйл ажиллагаа Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-28-нд болох бөгөөд оройн 22 цаг хүртэл үргэлжлэх ажээ.