Америк жолооч баривчлагдахгүйн тулд нохойгоо жолоочийн суудалд суулгажээ
АНУ-ын Колорадо мужид согтуугаар жолоо барьсан эрэгтэй цагдаад баривчлагдахгүйн тулд жолоочийн суудалд нохойгоо суулган, өөрөө зорчигчийн хэсэгт суусан байна. Тэр жолооч 48 км-ийн хурдны хязгаартай бүсэд 84 км-ийн хурдтай явж байсан тул цагдаагийн алба хаагч түүнийг зогсоожээ.
Энэхүү явдал тохиолдсон Спрингфилд тосгоны цагдаагийн алба мэдэгдэл хийхдээ “Спрингфилдийн цагдаагийн алба хаагч түүнийг шалгахаар машинд нь очиход жолооч нохойтойгоо суудлаа солих гэж оролдож байсан” гэсэн байна. Цагдаагийн алба хаагчид тэр эрэгтэй өөрийгөө жолоо барьж байгаагүй гэж хэлсэн аж. Мөн түүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асуухад тэрээр зугтахыг оролдсон ч нэг их хол зугтаж чадалгүй баривчлагджээ. Түүнийг согтуугаар жолоо барьсан, баривчилгаас зугтсан, хурд хэтрүүлсэн хэргээр ялласан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ