Чойрт үүсээд байсан экспортын нүүрсний овоолгыг тээвэрлэж дуусгалаа
УБТЗ Чойр, Олон–Овоо, Мааньт өртөөдөд хуримтлагдаад байсан экспортын нүүрсний овоолгыг богино хугацаанд амжилттай тээвэрлэж дуусгалаа. Өнгөрсөн онд БНХАУ–ын “Тэг ковид” бодлогоос шалтгаалан Гашуунсухайт–Ганцмод боомтоор гарах экспортын нүүрс тээвэр багасаад байсан. Үүнтэй холбоотойгоор нүүрс экспортлогчид Цогтцэций–Чойр чиглэлд автомашинаар тээвэрлэн төмөр замаар БНХАУ руу гаргаж байв. Улмаар, дээрх өртөөдөд оргил үедээ хоёр сая тонн нүүрсний овоолго үүссэн юм. Тэгвэл УБТЗ–ын хамт олон уг нүүрсний овоолгыг ийнхүү дуусгаж, байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд үүсээд байсан сөрөг нөлөөллийг бууруулаад байна. Эргэн сануулахад, өнгөрсөн онд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн засаг дарга, орон нутгийн иргэдээс ирсэн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газраас Чойр, Олон–Овоо, Мааньт өртөөдөд үүсээд байгаа экспортын нүүрсний овоолгыг богино хугацаанд тээвэрлэж дуусгахыг УБТЗ–д даалгасан байдаг. Өнөөдрийн байдлаар, дээрх өртөөдөд орон нутгийн нүүрсний уурхайдын багахан хэмжээний овоолго үлдээд байгаа бөгөөд Чойрт 300, Мааньтад 63, Олон–Овоод 100 мянган тонн нүүрсний үлдэгдэл байна.