СУДАЛГАА: Хүмүүс эрүүл амьдралын хэв маяг хөтлөхөд хэтэрхий ядарсан байна
“YouGov” болон Дэлхийн хорт хавдар судлах санг Их Британид санал асуулга явуулж, хүмүүсээс эрүүл амьдралын хэв маягтай болоход юу саад болж байгааг тодруулсан байна. Тэрхүү санал асуулгад насанд хүрсэн 2086 хүн оролцжээ.
Энэхүү судалгаагаар эрүүл амьдралын хэв маягт хамгийн их саад болж байгаа зүйл бол хүмүүсийн ядарсан байдал гэж тодорхойлогдсон байна.Оролцсон эрэгтэйчүүдийн 29 хувь, эмэгтэйчүүдийн 40 хувь нь эрүүл амьдралын хэв маягтай болоход хэтэрхий ядарч байна гэж хариулжээ. Мөн тэдний 38 хувь нь ямар ч мотивацигүй учраас гэж хариулсан байна. Бусад шалтгааныг дурдвал эрүүл хоолны үнэ өндөр (30%), цаг зав гардаггүй (26%), ажил амьдралын тэнцвэр муу (25%) гэх мэт зүйлс хүмүүсийг эрүүл амьдрахад тулгарч буй бэрхшээл болж байгаа аж.
Их Британийн Хавдар судлалын төвөөс гаргасан тооцооллоор бол хүмүүс эрүүл амьдралын хэв маяг буюу эрүүл хооллох, дасгал хийх, эрүүл жинтэй байх, тамхи хэрэглэхээ зогсоох, наранд түлэгдэхээс зайлсхийх гэх мэт зүйлсийг биелүүлж чадвал нийт хавдрын тохиолдлын 40 гаруй хувиас сэргийлж чадна юм.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ