Шинэ үеийн залуусыг дэмжих “DIGITAL STUDENT-ЭЕШ СОРИЛГО-2023” арга хэмжээ үргэлжилж байна
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар “DIGITAL STUDENT – ЭЕШ СОРИЛГО-2023” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Сурагчдын нийгмийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын сэтгэлгээ, хандлагыг тодорхойлох, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах зорилготой арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ЕБ-ын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Шалгарсан хүүхдүүдийг дотоодын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах эрх, БНХАУ-д сургалтын хөтөлбөрт хамрагдах эрхээр урамшуулна.
Өнөөдөр Н.Учрал сайд цахим сорилгын 1-р шатанд амжилттай оролцож шалгарсан шилдэг сурагчдыг төрийн ордонд хүлээн авч уулзаж, баяр хүргэн, дараагийн шатны шалгаруулалтад нь амжилт хүслээ.
Н.Учрал сайд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш 100 гаруй хүүхдэд дотоод, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг олгох төсөл, хөтөлбөрүүд зохион байгуулсан. Мөн жил бүр залуусын оюуныг тэтгэж, тэднийг дэмжих “Digital student”, “U-90” төслүүд хэрэгжүүлж байгаа юм.