|

Г.Занданшатар: Хариуцлагатай, орон нутагтаа үр өгөөжтэй, зөв жишиг тогтоосон уул уурхайг бий болгох хэрэгтэй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагч, хороо, дүүргийн удирдлагууд болон зарим дүүргийн иргэдтэй уулзаж Үндсэн хуульд оруулах өөрчлөлийн төслийн талаар танилцуулж, тэднээс санал авсан билээ. Түүнчлэн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж иргэд, сонгогчдод төслийн талаар танилцуулж, санал солилцсон.

Иргэдийн зүгээс, баялгийн тэгш хуваарилалт, үнийн өсөлт, нийгмийн тэгш бус байдлыг шүүмжилж, онцгой ач холбогдол өгч ажиллахыг Улсын Их Хурлын даргаас хүсэж байсан юм. Тэр дундаа Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд “Эрдэнэ монгол” компани стратегийн орд газрыг 3-4 орд лиценз болгон хувааж энгийн орд мэтээр харагдуулж байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байна хэмээн бухимдлаа илэрхийлж байсан.

Тэгвэл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.17) УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Л.Баярмандал нартай уулзаж, иргэдийн сонирхсон асуултад тодорхой хариулт авч, иргэдэд ашигтай, орд газрын ашиглалтын асуудалд зөв жишиг тогтоох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг чиглэл болголоо.

АМГТГ-ын дарга Л.Баярмандалын хэлж байгаагаар “Эрдэнэ монгол” компани нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдын нутагт анх 2010 онд хайгуулын гурван тусгай зөвшөөрөл авсан байна. “15569” дугаартай талбайн тусгай зөвшөөрөл 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа нь дууссан тул улсад буцаан өгчээ. Харин “21444” дугаартай “Хөндий” нэртэй талбайг 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон тус компанид олгосон. Тусгай зөвшөөрөл гарахаас өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг тодорхойлуулжээ. “21545” дугаартай “Алтан нар” талбайн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийг нь 2009 онд олгоод 2020 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчилжээ. Мөн талбайд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ажиллаж, нөөцийг улсын эрдэс баялгийн санд бүртгүүлсэн байна. Алт болон полиметалын ордууд. Монгол Улсын Их Хурлаас тогтоосон 16 стратегийн орд газрын талбайд хамаардаггүй юм байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Аливаа аж ахуйн нэгжийг ажил хийж байхад нь  хориглож цагдах, улс мэдэлдээ авах гээд байгаа зүйл огт биш. Хамгийн гол нь зөв жишиг тогтоож, хариуцлагатай, орон нутагт нь үр өгөөжтэй ажиллах нь чухал. Иргэдийн зүгээс эдийн засгийн үр өгөөж нь өндөр хэдий ч нуун дарагдуулж, стратегийн орд газрыг үнэгүйдүүлж байна гэдэг шүүмжлэл хэлж байна. Иргэдэд зөв ойлголт өгч, илүү ил тод нээлттэй, орон нутаг, компани харилцан ашигтай ажиллах зөв жишиг тогтоох тал дээр анхааран ажиллах хэрэгтэй. Иргэд уул уурхайг хориглоно, зогсооно гэхээсээ илүүтэйгээр нөөцийг зөв ашиглаж баялагтаа эзэн монгол байя гэдэг санал илэрхийлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрынхан үүн дээр онцгой ач холбогдол өгч зөв жишиг тогтоох тал дээр анхаар ажиллах хэрэгтэй гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *