|

Нийтийн тээврийн төлбөрийн системийг боловсронгуй болгоно

БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыгтэй уулзлаа. Талууд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн төлбөрийн системийг сайжруулах талаар санал солилцсон юм. БНСУ-ын Сөүл зэрэг томоохон хотуудын нийтийн тээвэрт төлбөрийн картын үйлчилгээ үзүүлдэг тус компани нь энэ чиглэлээр Улаанбаатартай хамтран ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийслэлийн хэмжээнд такси үйлчилгээг нэмэгдүүлэх, стандартад нийцүүлэх арга хэмжээг авна. Эхний ээлжид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй 2000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж буй. Үүнтэй, мөн хотод өрнөж байгаа бусад бүтээн байгуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн төлбөрийн системийг илүү боловсронгуй болгох, энэ чиглэлд шинэ шийдэл нэвтрүүлэх шаардлага үүсээд буй. Тиймээс бид төлбөрийн картын системийг шинэчлэх, дэд бүтцийг шийдэхэд цаашид хамтран ажиллах боломжтой. Ерөөс улсын, хотын хамтын ажиллагаанд бизнесийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч Улаанбаатар хотын зүгээс үүнийг дэмжиж ажилладаг хэмээлээ.

“Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыг “Албан томилолтын хүрээнд “Ти-Мони” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж буйд талархал илэрхийлье. Манай байгууллага Улаанбаатарын нийтийн тээврийн төлбөрийн “U Money” үйлчилгээтэй хамтран ажиллаад нэлээд хугацаа өнгөрсөн. Эхэн үедээ тулгарч байсан стандарт, дэд бүтцийн асуудлуудыг амжилттай шийдээд нийтийн тээврийн ухаалаг картын үйлчилгээг үзүүлж байна. Цаашид Сөүл, Улаанбаатар болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэж харж байна” хэмээв.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар:

-Тус компанитай хамтран Улаанбаатарт нийтийн тээврийн төлбөрийн системийг нэвтрүүлээд долоон жил болж байна. Энэ хугацаанд гурван сая гаруй карт зарагдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд өдөр бүр 1.4 сая гаруй төлбөр тооцоог энэ картаар хийдэг болсон. Цаашид Улаанбаатар хотод нэвтрүүлэх их багтаамжийн тээврийн хэрэгслүүд, такси үйлчилгээнд зориулан “U Money” картыг олон үйлдэлтэй болгох талаар уулзалтын үеэр хэлэлцлээ. Ингэснээр нийтийн тээврээр зорчихоос гадна авто зогсоолын төлбөр төлөх зэрэг олон боломж бүрдэнэ гэсэн юм.

Энэ чиглэлд хамтран ажиллах, технологи, шийдлийг нэвтрүүлэхэд Нийслэлийн Нийтийн тээврийн газар БНСУ-ны “Ти-Мони” компанитай хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments