Сураггүй болсон иргэнийг нисэх онгоцны буудлаас олжээ
Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан хоёр автомашин өчигдөр орой /05.18-ны өдрийн 22:00 цагийн орчим/ замдаа түр зогсох үед иргэн Д буугаад сураггүй болсон байсныг аймгийн нисэх онгоцны буудлаас олжээ.
Иргэн алга болсон талаарх дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба 05.19-ний өдрийн 04:40 цагт хүлээн авчээ. Албан хаагчид иргэний ар гэрийнхний хамтаар 38 настай эрэгтэйг өнөө өглөө үүрээр буюу 05.19-ний өдрийн 05:00 цагаас эхэлж эрэн хайсаар 05:41 цагт “Доной” нисэх буудлын гаднаас эсэн мэнд олж эхнэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ