Ерөнхийлөгч Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын бодибилдинг, фитнесийн холбооны Ерөнхийлөгч Рафаэль Сантонхаг хүлээн авч уулзжээ.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн биеийн тамир дасгал хөдөлгөөн” өрнүүлж, иргэдэд бие бялдрын боловсрол олгох, дасгал хөдөлгөөн хийх мэдлэг, дадал эзэмшүүлэх, идэвхтэй амьдралын хэвшил бий болгох, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох тогтолцоо бүрдүүлэхийг зорьж буйг Ерөнхийлөгч хэлэв.

Цаашид Олон улсын бодибилдинг, фитнесийн холбоотой эрүүл мэнд, спортын олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах, мэргэжлийн багш, дасгалжуулагч, олон улсын шүүгч бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Олон улсын бодибилдинг, фитнесийн холбооны Ерөнхийлөгч Рафаэль Сантонха Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын энэ санаачилгыг хэрэгжүүлэхийг бусад улс оронд  уриална гэдгээ хэлэв.

Рафаэль Сантонха нь 2017 онд Улаанбаатар хотноо Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 51 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулахад хүрэлцэн ирж байсан юм.

Эх сурвалж: ЕТГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments