Ц.Даваасүрэн: Охиныхоо зээлээр биш буцалтгүй тусламжийн тэтгэлгээр сурсныг нотлох гэрээг нь авлаа

Төрийн өндөр албан тушаалтан тэдний хамаарал бүхий хүмүүс Боловсролын сангийн зээлээр гадаадад суралцсан нь ил болж, нэрс нь зарлагдаад байгаа. Түүний дотор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа АНУ-ын Пүрди их сургуульд инженерийн чиглэлээр 2012-2016 онд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.доллар буюу 660 сая төгрөгийн зээл авсан ч зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл бий.

Харин тус мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн зээлээр сураагүй буцалтгүй тусламжаар сурсан хэмээн үгүйсгэж архиваас лавлагаа авсан тухайгаа цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр “Манай охин зээлээр сураагүй гэдгийн баталгаа болгож архиваас буцалтгүй тусламжийн тэтгэлгийн гэрээг нь авлаа. Сурлагын амжилт, Улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль авч тэтгэлэгт хамрагдсан юм. Мөн түүний авъяас чадварыг үнэлж, Америкийн Пенсильваний Их сургуулиас магистрын сургалт, доктор буюу Phd-ын сургалтыг хоёуланг нь 100 хувийн тэтгэлэг өгч сургаж байна. Америкчууд охины маань ур чадвар, хөдөлмөрч зан чанарыг нь үнэлж татвар төлөгчдийнхөө мөнгөөр тэтгэлэг өгч сургалаа.

Монголын төр нэг авъяастай иргэндээ бакалаврын сургалтын тэтгэлэг өгсөн нь ямар нэг хууль зөрчөөгүй. Хүүхдийг алаг үзэх ёсгүй. Тухайн жилийн Улсын физикийн олимпиадад байр эзэлсэн Б.Батхуяг Массачусетсын их сургууль, Д.Болд Жоржиа мужийн Их сургуульд суралцах тэтгэлэг авсан. Тэд жирийн айлын авъяаслаг хүүхдүүд. Бүхнийг албаар харлуулах гээд зөвхөн албан тушаалтай хүний хүүхэд нь хамрагдаад бусад нь гадаадын сургалтанд яваагүй мэтээр худал бичиж болохгүй ээ. Охин маань одоо хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр хийсэн Докторын бүтээлээ дэлхийн нэр хүндтэй Cellpress сэтгүүлд хэвлүүлсэнээр Phd-нхээ болзлыг хангаад төгсөх гэж байна.

Улс орныхоо нэрийг л гаргаж байгаа хэрэг юм. Өнөө цагт хамгийн хэрэгтэй мэргэжлийг сураад ирье л гэж сонгож, сурч, зүтгэж байгаа. Хүн бүр л аав ээж болж үр хүүхдээ өсгөнө. Хүүхдээ сайн хүн болгохын төлөө эрмэлздэг. Хүүхэд нь Сайн хүн болоод хөдөлмөрөө үнэлүүлэх нь тэр хүүхдийн эрхийн асуудал юм. Хэний хүүхэд болж төрсөн нь хөдөлмөрөө үнэлүүлэхэд ямар хамаа байна. Хүүхдийн мөнгөн дээр хүүхдийг алаг үзэж болохгүй гээд л байдаг биз дээ.

Тэгээд улс төрчийг харлуулах гэхдээ гэр бүл, үр хүүхдийг нь оролдох бүр ч буруу зүйл. Шударгаар өрсөлд л дөө. Мууг нь үзэж, нэр хүндийг нь унагаад сонгуульд гарчихна гэж төлөвлөж, бодож байгаа хүмүүс байгаа бол санасны чинь гарз шүү. Надад үйлдсэн нүгэл, хийсэн хулгай байхгүй. Энэ олон жил баахан л гүтгэлээ, баримт гаргаад тавь л даа. Одоо болноо. Наад гүтгэлэг чинь хол явахгүй болсон.”  гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *