БЗС-гаас хувийн дансаараа 16 мянган ам.доллар шилжүүлэн авсан Ш.Тунгалагтамир гэж хэн бэ?
Шагжаагийн Тунгалагтамир хэмээх эмэгтэй Италийн Падовагийн их сургуульд артерийн даралт ихсэх судасны биологи чиглэлээр гурван жилийн хугацаатайгаар докторт суралцахаар Боловсролын зээлийн сангаас 46 мянган ам.доллар буюу 160 сая төгрөгийн зээл авчээ. Гэвч энэ зээлийнхээ 16 мянган ам.доллар буюу 55 сая төгрөгийг 2022 оны тавдугаар сард хувийн данс руугаа шилжүүлэн авсан тухай мэдээлэл цацагдсан.
Сургалтын төлбөрийн энэ зээлийг хувийн дансаараа шилжүүлэн авах нь хуулиар хориотой ч Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга Д.Гарди дээр дурдсан 16 мянган ам.долларыг Ш.Тунгалагтамирын данс руу шилжүүл хэмээн Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Сийлэгмааг дарамтлахын сацуу нягтлан бодогчийг “Ажлаа өг” хэмээн сүрдүүлжээ. Энэ бүхнээс харвал Шагжаагийн Тунгалагтамир нь 16 мянган ам.доллар буюу 55 сая төгрөгийг хувийнхаа дансаар авч сургуульдаа төлөхгүйгээр хувьдаа ашигласан гэсэн хардлагыг төрүүлж байна.Тэгвэл Шагжаагийн Тунгалагтамир хэмээх энэ эмэгтэй Д.Гардитай ямар холбоотой вэ гэдэг ч сонирхол татна.
Ш.Тунгалагтамир нь Италид сурахаасаа өмнө АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Мэдрэл судлалын тэнхимд багшаар ажилладаг байжээ.Тэрбээр тус сургуульд 2012 оноос ажиллаж эхэлсэн байна.
Түүний сурсан Падовагийн их сургууль нь Италидаа дөрөвдүгээрт, topuniversities.com сайтын мэдээлснээр 2023 оны байдлаар дэлхийд 243-т жагсаж байна. Боловсролын зээлийн сангийн баримталдаг дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалт болох “Times Higher Education World University Rankings” үзүүлэлтээр Падовагийн их сургууль нь 201-т жагсаж байна.
Гэтэл Боловсролын зээлийн сангийн гол шаардлага нь дэлхийн топ 100 их сургуульд тэнцсэн байх ёстой билээ.Тодруулбал, Боловсролын зээлийн сангаас зээл авахын тулд дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх ёстой хэмээн заажээ. Үүнээс харахад Ш.Тунгалаг нь нэгдүгээрт, Боловсролын зээлийн санд хамрагдах шаардлагыг хангаагүй, хоёрдугаарт сургалтын төлбөрөө сургуульдаа бүрэн өгөхгүйгээр дундаас нь завшсан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.
Энэ талаар Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа “Шагжаагийн Тунгалагтамир гэж Италид сурдаг докторын хувийн данс руу 16 мянган ам.долларыг шилжүүл гэж Д.Гарди намайг 2022 оны тавдугаар сард дарамталсан. Ямар учиртай хүнийг нь сайн мэдэхгүй. Сургалтын төлбөрийг хувь хүний данс руу шилжүүлж болдоггүй учир Д.Гардитай зөрчилдөж, өргөдөл дээр нь хувийн данс руу гэж Д.Гардиар бичүүлээд 2022 оны тавдугаар сард хувийн данс руу нь 16 мянган ам.долларыг шилжүүлж байсан.
Боловсролын яам, Сангийн яам, Боловсролын зээлийн сан гурвууланд нь баримт нь байгаа.Хувийн данс руу шилжүүлэхгүй гэж хэлсний төлөө Д.Гарди намайг хоёр сар дарамтлаад нягтланг ажлаа өг гэж загнаж байсан.Ингэтлээ дарамтлуулсан учир Шагжаагийн Тунгалагтамир гээд нэрийг нь цээжээрээ мэдэж байна.Энэ хүний хувийн данс руу шилжүүлсэн зөрчил илэрсэн гэсэн Үндэсний аудитын газрын хоёр жил дараалсан дүгнэлт нь бий” гэж ярьсан юм.