Д.Оюунхоролын хүү Ж.Төрболдын авсан 32.000 ам.долларын зээлийг журам зөрчин тэглүүлэхээр зүтгүүлжээ
Ардын хүүхдэд хүсээд ч олддоггүй зээл, тэтгэлэг хаалттай, шударга бусаар олгогдож ирсэн нь олныг эгдүүцүүлээд байна. Боловсролын зээлийн сан даргын хүүхдэд зориулагдсан сан болж, олгосон зээлийн эргэн төлөлт муу, үндсэндээ дампуурах хэмжээнд хүрснийг ил болсон мэдээлэл, эх сурвалжуудын баримтаар нотлогдсоор байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хүү 2011 онд АНУ-ын Брижпортын Их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32.000 ам.долларын зээл авчээ.
Ингэхдээ зээлээ эргэн төлөх, эсвэл улсад ажиллаад тэглүүлэх эсэх талаар журам болон гэрээнд тусгаагүй талаар БЗС-ийн нээлттэй мэдээлэлд дурдсан байв. Өөрөөр хэлбэл төлөх эсэх нь тухайн хүний дурын асуудал болчихсон гэсэн үг.
Брижпортын их сургууль нь АНУ-ын Коннектикут мужийн хувийн их сургууль бөгөөд анх 1927 онд ахлах коллежийн хөтөлбөрөөр байгуулагдаж байжээ.Боловсролын зээлийн сангаас зээл авахын тулд дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” үзүүлэлтээр хайхад 600-д жагсаж байна.
Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн шаардлагад нийцэхгүй буюу шилдэг 100 байтугай шилдэг 200-д ч багтдаггүй АНУ-ын нэг мужийн их сургууль аж. Дундаж төлбөр нь 32860 ам.доллар бөгөөд 4000 хүрэхгүй оюутантай их сургууль юм байна. 2022-2023 оны хичээлийн жилд төлбөр нь 35760 ам.доллар, амьдрах байр, хоол хүнсний төлбөр нь 16350 ам.доллар гэж их сургуулийнхаа www.bridgeport.edu сайтад бичжээ.
Ж.Төрболд нь сургуулиа төгсч ирээд БСШУ-ны яаманд богино хугацаанд ажилласан гэхээс өөр тодорхой мэдээлэл байхгүй. Харин аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр их сургуулийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг аж.
Тэгвэл тэрээр улсын мөнгөөр сурсан 32.000 ам.долларын зээлээ тэглүүлэхээр хүсэлт гаргаж, уг хүсэлтийг нь БЗС-ийн одоогийн захирал Д.Гарди журмаа зөрчин байж зүтгүүлжээ.
Энэ талаар БЗС-нд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тодруулбал, БЗС-ийн зээлээр суралцаж төгсөөд 4 жил тухайн мэргэжлээрээ ажилласан төгсөгчид зээлээ чөлөөлүүлэх хүсэлтээ БЗС-нд ирүүлж, түүнийг нь нэгтгэн тухайн жилийнхээ 3-р улиралд буюу 8,9,10-р сард БШУ-нд мэдээллийг нь хүргүүлдэг журамтай аж.
Гэвч 2022 оны 5-р сард БЗС-ийн захирал Д.Гарди 10 хүний мэдээллийг яам руу яаралтай явуулах үүргийг мэргэжилтэн О.Сийлэгмаад даалгажээ. Өөрөөр хэлбэл хугацаа нь болоогүй байхад 10 хүний зээлийг чөлөөлүүлэхээр идэвхийлсэн байгаа юм. Мэргэжилтэн О.Сийлэгмаа журамд заасан хугацаа болоогүй байгааг хэлэхэд “Яаралтай явуул гэж байна” хэмээн дарамт үзүүлжээ.
Тэдгээр 10 хүний дотор улстөрд нөлөө бүхий, гурван удаа УИХ-д сонгогдож байсан Д.Оюунхоролын хүүгийн авсан 32.000 ам.долларын зээлийг чөлөөлөх хүсэлт багтаж байсан аж. Угтаа Ж.Төрболдын хувьд зээл авсан хугацаа, ажилласан жил аль аль нь зээлээс чөлөөлөгдөх шаардлагыг хангаагүй байсан аж.
Үүнийг нь захирал Б.Гардид хэлэхэд “заавал оруул” гэж шахжээ.Улмаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2022 оны 6-р сард тушаал 200 тоот тушаалаар нэр бүхий хүмүүсийг чөлөөлсөн байна. Эл мэдээллийг БШУЯ-ны веб хуудаснаас хайсан боловч олдсонгүй. Эл асуудлаар зээл аваад өнөө хэр нь төлөөгүй яваа Ж.Төрболдоос өөрөөс нь тодруулах гэсэн боловч Австрали улсад амьдарч байгаа тухай мэдээлэл авлаа.
Түүний ээж Д.Оюунхоролын хувьд МАН-д нөлөөтэй хэвээр бөгөөд өдгөө Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж байгаа юм.