Хоёр хөлөө тайруулсан Британи эрэгтэй Эверестийн оргилд хүржээ
Хоёр хөлөө алдсан Хари Будда магар нэртэй Их Британи эрэгтэй Эверест уулын оргилд хүрэх авиралтаа эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрээр тус уулын оргилд хүрч түүхэн амжилт тогтоосон байна. 43 настай тэрээр бусдад урам зориг өгч, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг өөрчлөх зорилготой энэхүү авиралтаа хийсэн хэмээжээ.
Хари баасан гарагт (2023.05.19) дэлхийн хамгийн өндөр цэгт хүрсэн бөгөөд авиралтынхаа талаар “Миний хэзээ ч төсөөлж байгаагүйгээр хэцүү байсан. Гэхдээ хэчнээн хэцүү бас урт хугацаа шаардсан ч бид авиралтаа үргэлжлүүлж оргил дээр нь гарлаа” гэж хэлсэн байна. Хари 2010 онд Афганистаны дайнд байлдаж байхдаа газрын тэсрэх бөмбөг дээр гишгэсний улмаас хоёр хөлөө алджээ. Гэвч тэрээр бууж өгөлгүй спортоор хичээллэж суран өөртөө итгэх итгэлээ олж авч чадсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ