БЗС-гийн зээл ба Гантөмөрийн Хулан, Г.Өнөрбаяр, Б.Оюунгэрэл, Ц.Пүрэвхүү нарын хариу тайлбар
Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн хамгийн шуугиант сэдэв байлаа. Тус сангаас зээл авсан ч эргэн төлөөгүй хэмээн “цоллуулж” байгаа хүмүүсийн хариу тайлбарыг хүргэж байна.
“Гантөмөрийн Хулан зээлийнхээ талыг төлсөн”
Хамгийн ихээр иргэдийг бухимдуулсан мэдээлэл нь Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийн охины зээлтэй холбоотой байв. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, АН-ын дарга Лу.Гантөмөр том охин Г.Хуландаа 2016-2017 онд хоёр ижил нэхэмжлэлээр дөрвөн удаагийн шилжүүлгээр 151 мянган ам долларыг Боловсролын зээлийн сангаас илүү шилжүүлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ нь өнөөдрийн ханшаар 500 гаруй мянган төгрөг болох юм.Үүний 52 мянган ам.доллар нь нэг жилийн сургалтын төлбөр, бусад төлбөр нь 23 мянган ам.доллар гэж аудитын тайланд дурджээ. Г.Хулан АНУ-ын “Brown”-ий их сургуулийг Компьютерийн технологийн чиглэлээр 2018 онд төгссөн юм.
Энэ талаар БШУ-ны сайд Лу.Гантөмөр хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Гантөмөрийн Хулан дэлхийн шилдэг эхний 10 сургуулийн нэгд Мэдээллийн технологийн чиглэлээр сурах урилга авч элссэн. Энэ бол тэр зээлийн аль ч шалгуурыг хангалттай давсан гэсэн үг. Тэгээд 2018 оны арванхоёрдугаар сард төгссөн. Огт төлөөгүй биш өнөөдрийг хүртэл талыг нь төлчихсөн. Төлсөөр ч байгаа. Заавал төлж дуусгах ёстой хугацаа нь хамгийн наад талдаа 2024 он. Аудитын тайлан дээр нэг нэхэмжлэхээр олон удаа гүйлгээ хийсэн гэдгийг нэг удаа авах ёстой мөнгийг олон удаа авсан мэтээр зориуд дэгсдүүлж мэдээлсэн. Нэхэмжлэх дээр байгаа нэг дүнг хэд хувааж төлөхдөө нэг нэхэмжлэхээ л ашиглана. Энийг ямар ч нягтлан хэлээд өгнө.Хувийн данс руу нь шилжүүлээгүй. Удахгүй тэр дансны гүлгээний мэдээллүүд ил болох байлгүй. Хулан нь Гантөмөрийн охин болохоор бусад хүүхдүүд шиг “Би дэлхийн шилдэг сургуульд өөрөө тэнцээд, тэтгэлэг, зээлийн шалгуур хангаад өөрөө төлбөрөө олсон” гэж өөртөө бардам хэлээд алхах эрхтэй. Гантөмөрийн охин болохоор чи тэгэж болохгүй гэж дайрах нь харин ч бид өөрсдөө боломжийг нь хулгайлж байгаа хэрэг болно. Боломж гэж бүгдийн өмнө байх тэгш гарааг хэлдэг болохоос бүх хүнд тэнцүү аягалах бэлэн хоолыг хэлэхгүй” гэж мэдэгджээ.
Г.Өнөрбаяр:Зээл хөөцөлдөж байсан ч аваагүй
Дараагийн хүн бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Гомбосүрэнгийн Өнөрбаяр. Тэрбээр АНУ-ын Аляска Фэрбанкс их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээлийг 2010 онд авсан хэмээн жагсаалтад бичжээ.
Энэ тухай Г.Өнөрбаяр “Намайг боловсролын зээлийн сангаас зээл авсан мэт андуу мэдээ явжээ. Би энэ сургуульд яваагүй, сураагүй. Тухайн үед зээл хөөцөлдөж байсан. Гэхдээ аваагүй. Японы Засгийн газрын тэтгэлэгээр Кюшүгийн их сургуульд сурсан. АНУ-д хоёр удаа хуралд суух гэж очсон. Өөрөөр АНУ явж байгаагүй. Эргэлзэж байгаа хүмүүс хил хамгаалах, боловсролын яам, боловсролын зээлийн сан, энэ сургуулиас нь ч асууж тодруулж болно. Жич:Зээл авсан бүх хүн элдэв тайлбаргүй зээлээ төлөх нь шударга ёсонд нийцнэ. Зээлээ төлөхийг бүх нийтээрээ шаардах нь зөв” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Б.Оюунгэрэл: Миний охин Боловсролын зээлийн сангийн журмын дагуу шалгаруулалтад тэнцсэн
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн охин Э.Энхүүлэн Австралийн Монашийн их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр гурван жилийн хугацаатай суралцахаар Боловсролын зээлийн сангаас 63 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 217 сая төгрөгийн зээл авчээ. Одоо тус сургуульдаа суралцаж байгаа бөгөөд эргэж ирээд журмын дагуу төлбөрөө төлнө гэж МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл мэдэгдэв.
Энэ тухай тэрбээр “Миний охин Монголд төдийгүй дэлхийд хамгийн хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг болох программ хангамж, цахим орчны аюулгүй байдлын чиглэлээр дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтад байдаг их сургуульд элсэж Боловсролын зээлийн сангийн журмын дагуу шалгаруулалтад тэнцэж зээлийн гэрээ байгуулж одоо ч суралцсаар, хичээсээр, хөдөлмөрлөсөөр байгаа.Сурч байгаа сургуулиа төгсөж чадаагүй, зугтаж алга болоогүй, сургуулиасаа хөөгдөөгүй, хувийн дансруугаа мөнгө хийлгээгүй, төгсчихөөд төлбөрөө төлөхгүй сураг алдраагүй. Төгсөөд төлбөр төлөх журмын дагуу гэрээний үүргээ биелүүлнэ Сургуулиа ч төгсөөгүй хүүхдийг төгсөөд төлбөрөө зохих журмын дагуу төлөөгүй, бүр бусдын боломжийг хулгайлдаг хулгайлагч нартай бүү зүйрлэ.Би төрд ажилладаггүй, шийдвэр гаргадаг том дарга биш. Охин минь дэлхийн шилдэг сургуульд суралцах эрх авч, суралцаж төгсөөд эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болж үр өгөөжөө өгөх өдөр удахгүй ирнэ” гэж мэдэгдэв.
Ц.Пүрэвхүү:Сурах боломж олгосон татвар төлөгч иргэддээ талархаж байна
Мөн “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуульд олон улсын бизнес худалдаа чиглэлээр 2013 онд 32 мянган ам.доллараар сурсан ч зээлээ тэглүүлсэн гэж мэдээлэв.
Тэрбээр энэ мэдээллийн дараа цахим хаягтаа “Сурсан боловсорсныхоо хүчинд өнөөдөр би шулмын ав шиг сэтгүүл зүй хийхгүй. Асуудалд мэргэжлийн ханддаг. Сурах боломж олгосон татвар төлөгч иргэддээ, эх орондоо маш их талархаж байна. Тусгаар улсын иргэний хувьд жирийн айлын иргэд ийм боломж олгосон эх орноороо бахархаж байна” гэж бичжээ.