Д.Сумъяабазар: Нийслэлийн бүх салбарт технологийн шийдэл нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхээр ажиллаж байна

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Хотын дарга Д.Сумъяабазар өглөө.

Тэрбээр “Хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө хангалтгүй тул эрх зүйн боломждоо тулгуурлан нийслэлийн бонд, үнэт цаас гаргах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг” мэдээллийн эхэнд онцолсон юм.

Тухайлбал, хотын эдийн засгийг нэмэгдүүлэх чиглэлээр хуульд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд богино хугацаанд үнэт цаас гаргаж, өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгө босгоно. Харин урт хугацаанд тогтвортой байдлыг хангах үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтын төслүүдийг тогтвортой санхүүжүүлэх Нийслэлийн хөгжлийн санг байгуулан, тогтмол хөрөнгө татаж байх шаардлагатай байгаа аж. Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 12, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гурав, нийт 15 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Нийслэлийн зүгээс хөгжлийн төсөл, хөтөлбөр бүрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, шаардлагатай арга хэмжээг хувийн хэвшилд шилжүүлэн гүйцэтгүүлэх бодлого баримталж, үүнд гадаад орнуудын сайн туршлагыг судалж нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна” хэмээв.

Тэрбээр үргэлжлүүлэн Улаанбаатар инновацын төв болон Баянхошуу бизнес инкубатор төвөөр дамжуулан бизнес эрхлэгч, энтрепренер залуусыг дэмжин ажилласны дүнд гарааны 46 компанийг бойжуулан гаргаж, 400 гаруй ажлын байрыг бий болгоод байна. Мөн гарааны бизнес эрхлэгчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүнийхээ анхны загварыг турших орон зай бүхий “Бүтээгчдийн талбар”-ыг байгуулж, хөрөнгө оруулагчдад бүтээгдэхүүний загвараа танилцуулж, эхлэлийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлсэн. Цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх цахим шилжилтийн төлөвлөгөөг Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн чиглэлээр боловсруулж, мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компани, монгол инженерүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх зорилгоор 74 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулах “Онлайн бизнес төв”-ийг байгууллаа.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 16671 айлын орон сууц ашиглалтад  оржээ

Мөн иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад орсон. Харин  гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16,671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй. “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна” гэсэн юм.