Б.Болор-Эрдэнэ:Оксфордын их сургуульд ажиллаж байгаа орлогоосоо зээлээ яаралтай төлнө

ЦХХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Боловсролын зээлийн сангаас авсан зээлийнхээ талаар хариу тайлбар бичжээ.

Тэрбээр “Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100 хувийн тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудлаас болоод сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь 2016 онд сургалтын төлбөр овоо ч нэмэгдсэн байсан тул БЗС-д материалаа өгч, шалгаруулалтанд орсон. Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн. Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдарч, цэвэр Англи хэлтэй болоогүй. Англи хэлээ өөрөө бие дааж үзэж, хэлний шалгалтаа хэд хэдэн удаа өгч, эссэнүүд дээрээ хэдэн сар ажиллаж байж тэнцэж байв. Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэндээ. 2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан. Үнэндээ төрийн байгууллагад нөлөөлөх битгий хэл таньдаг хүн ч байхгүй байлаа. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна. 2016 онд БЗС-ээс авсан 32 мянган ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипендийн тэтгэлгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр орлогоосоо зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна. БЗС улам нээлттэй, ил тод, цахим болж шударгаар шалгуур хангасан залуусд туслаж, эдгээр залуучууд төрд орж ажиллаж, төрийн албанд шинэ хуудас авчраасай гэж хүсэж байна” хэмээн бичжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *