Хорих ангид нөхрийнхөө гарт амиа алдсан эмэгтэй бага насны хоёр хүүхэдтэй байжээ
Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид хүний амь хохирсон онц ноцтой гэмт хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, хорих ангид хулгайн хэргээр ял эдэлж байсан хоригдол нь 24 цагаар эргэлтэд гарч байхдаа эргэлтээр очсон эхнэрээ хөнөөгөөд өөрөө амиа хорлосон байж болзошгүй байгаа юм. Уг асуудлаар амиа алдсан хохирогчийн эгч зариг.мн сайтад дараах тайлбарыг өгчээ.
“Миний дүү 6 болон 8 настай хоёр хүүхэдтэй байсан. Хоёр хүүхдийнхээ төлөө мөрөөрөө ажлаа хийдэг, даруухан охин байсан. Бид тэр шоронд байгаа залууг нэг ч хараагүй, бас сонсож ч байгаагүй. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сард тэр шоронд байсан залуутай гэрлэлтээ батлуулсныг нь энэ хэргийн дараа л мэдэж байна. Гэрлэлтээ батлуулчихсан учраас 24 цагийн эргэлтээр орж болдог юм байна. Хорих ангид 24 цагийн эргэлтийн өрөөнд тэр залуутай оруулаад л орхичихсон байх. Миний дүү архи, дарс хэрэглэдэггүй, амьдралаа авч явах гээд дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Одоо дүүгийнхээ шарилыг ачаад нутаг руу гаа явна, төрийн тусгай хамгаалалттай газарт дүү минь өнгөрчихлөө. Хорих ангийнханг ч цагдаагийн байгууллагаас сайтар шалгаж өгөөсэй гэж хүсч байна” хэмээжээ.