ТОДРУУЛГА Х.Баясгалан: Хорих ангийн удаан уулзалтын өрөөн дэх уулзалт нь хувийн нууцлалтай учир хянах боломжгүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч нас барсан асуудлын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.
“Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нь энэ сарын 23-ны өглөө эхнэрийн хамт удаан хугацааны уулзалтын өрөөнд нас барсан байдалтай олдсон. Хэргийг харьяа Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шинжилгээний байгууллагын урьдчилсан үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй” хэмээх мэдээллийг өглөө.
Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байлгах нь хүмүүжигчийн эрхийг хангах, иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа аж. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг учир ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй байна.