Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, багш нарт зөөврийн компьютер гардууллаа

Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймгийн боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсээр байна. Энэ хүрээнд өнөөдөр өндөр үзүүлэлт бүхий 430 зөөврийн компьютерыг багш нарт гардуулан өглөө.
Нутгийн удирдлагын ордонд болсон тус үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Р.Сэддорж үг хэлсэн бөгөөд, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн сургууль цэцэрлэгүүдтэй анхны аймаг болсон, дотуур байр болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50-100% нэмэгдүүлсэн, 6-р ангийн хүүхдэд үдийн хоол өгч байгаа зэрэг боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, онцлох ажлуудаа танилцууллаа.
Мөн Оюутолгой компаний уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал бөгөөд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” -ийн удирдах зөвлөлийн дарга Эндрью Вилсон оролцож үг хэллээ.
2022 онд 90 зөөврийн компьютер шийдвэрлэж өгсөн бөгөөд энэ удаад 430 нэмэгдсэнээр нийтдээ 520 багш сургалтын хэрэглэгдэхүүнээр ийнхүү хангагдлаа. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын 230 компьютерыг Говийн оюу хөгжлийг дэмжих сан, 200 компьютерыг орон нутгийн төсвөөс санхүүжүүллээ. Багш нар зөөврийн компьютеруудаа өөрийн биеэр ирж гардан авсан бөгөөд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Аймгийн хэмжээнд ЕБ-ийн 750 гаруй багш байдаг бөгөөд үлдсэн багш нарыг компьютероор хангах ажлыг үргэлжлүүлэх юм.
Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 16,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт зарцуулж Сэврэй, Хүрмэн сумдын 320 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад оруулж, 9 сургууль, 6 цэцэрлэгийн барилгад их засвар, өргөтгөл хийж, сургалтын тоног төхөөрөмжөөр хангажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *