Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцууллаа
АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер, Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар, АНУ-ын Нью Хэмпширийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Гордон МакДональд нар Шүүхийн ерөнхий зөвлөлд айлчиллаа. Төлөөлөгч нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийн ажиллагааг танилцуулав.
Айлчлалын хөтөлбөрийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр зочилж, “Шүүхийн захиргааны ажилтны шүүхийн үйлчилгээг үр өгөөжтэй болгоход үзүүлэх нөлөө, хувь нэмэр” сэдвийн хүрээнд ярилцан, хамтын ажиллагааны санал солилцсон.
Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах, талуудын цахим дата баазыг харилцан хөгжүүлж, мэдээлэл солилцох зэрэг ажлын хүрээнд ийнхүү ажиллаж байна.
АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 16-нд ирсэн. Хөтөлбөрийн дагуу маргааш Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Монголын Хуульчдын холбоо, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай тус тус танилцана.
Хэвлэл мэдээллийн хэлтэс