Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадмын үеэр ажиллах 1500 орчим сайн дурын ажилтанг сонгожээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно.Тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг өндөр түвшинд зохион байгуулахын тулд мэргэжлийн боловсон хүчнээс гадна сайн дурын ажилтнуудын мэдлэг, туршлага, оролцоо ихээхэн чухал гэдгийг НЗДТГ-аас онцолж байна.
Наадамд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд сайн дурын ажилтны бүртгэлийг цахимаар хоёр сарын туршид олон нийтэд нээлттэй явуулжээ. Цахим бүртгэлд нийт 2882 сайн дурын ажилтан бүртгүүлжээ. Үүнээс гадаадын 156 сайн дурын ажилтан хүсэлт илгээснээс 35 сайн дурын ажилтан, мөн дотоодын 1400 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулаад байна.
Сайн дурын ажилтнууд нь наадмын бэлтгэл ажлын үед болон наадмын үеэр спортын бүсүүдийг хариуцах, тамирчид, хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчдэд мэдээлэл түгээх, тамирчдыг хуваарийн дагуу оролцоход чиглүүлэн туслах, олон улсын баг тамирчдыг бүртгэх, онгоцны буудлаас тосох, үдэж гаргах, шаардлагатай үед орчуулга хийх, мэдээллээр хангах, наадмын нээлт, хаалтын үед туслах, мөн шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлнэ.
Түүнчлэн наадмын үзэл санааг олон нийтэд түгээх, наадамд оролцогч тамирчид, зочид төлөөлөгчдийг хариуцан ажиллах, дурсамж бүтээхэд нь хувь нэмрээ оруулан ажиллах юм байна.