|

Агаарын шоуны үеэр Улаанбаатарыг тойрсон 30 минутын нислэг хийх боломжтой

Нисэх Хүчний 98 жилийн ойг тохиолдуулан “БУЯНТ-УХАА ЭЙР ШОУ” буюу агаарын болон задгай талбайн шоуг энэ сарын 26, 27-нд зохион байгуулна.

Олон улсад энэ төрлийн агаарын шоу нь өргөнөөр зохиогддог ба нисэх хүчнийхний онгоцны үзэсгэлэн, агаарын үзүүлбэр мөн энэ салбарын мэргэжлийг сурталчилж, олон нийтэд танилцуулдгаараа онцлог болдог байна.Манай улсын хувьд уг шоуг анх удаа өргөн цар хүрээтэйгээр Буянт Ухаа олон улсын нисэх буудлын 12 га талбай бүхий хөөрөх зурваст зохиохоор төлөвлөжээ.

Шоуны хоёр өдрийн хугацаанд шүхрийн үзүүлбэр, агаарын хөлгүүдийн үзэсгэлэн, парад, өндрөөс эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, хуучны болон орчин үеийн машины үзүүлбэр, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд болохоор төлөвлөсөн байна.

Эдгээрээс МиГ-29 байлдааны онгоцны үзүүлбэрийг зохион байгуулагчид онцлоод байгаа юм. МиГ-29 төрлийн онгоц манай улсад зургаан ширхэг байдаг бөгөөд анх 2011 онд захиалан 2018 онд хүлээж авч байжээ. МиГ-29 онгоцны дээд хурд нь 2450 км/цаг, нислэгийн өндөржилт нь 18013 метр.

Нисэх талбайд том, жижиг нийлсэн 28 төрлийн онгоцыг танилцуулах бөгөөд орж зургаа авахуулах зэргээр чөлөөтэй танилцахболомжтой. Мөн Монголын шүхрийн спортын нийгэмлэг болон ОБЕГ-ын нийт 15 шүхэрчин үзүүлбэр үзүүлэхээр болжээ.

Түүнчлэн урьдчилж, эсвэл газар дээр нь бүртгүүлээд Улаанбаатарыг тойрсон 30 минутын нислэгийг фестивальд оролцогчдод санал болгож байгаа юм байна.

Шоу хоёр хэсгээс бүрдэх ба өдрийн 11:00-17:00 цаг хүртэл нисэхийн шоу болон бусад гэр бүл, хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаанууд болох бол орой 17:00 цагаас хойш олон улсын DJ болон Монголын хамтлаг дуучид, реппэрүүдийг оролцуулсан хөгжмийн фестиваль болно. Улсын онцгой объектод DJ сет сонсох боломж ховорхон тохиолдоно гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *