Улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт энэ сарын 29-нд эхэлнэ
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана. Энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурханаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй.
Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай. Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлэхийн тулд тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас найман насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу УГУ (улаанбурхан, гахай хавдар, улаанууд) вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас найман насны бүх хүүхэд хамрагдана.Харин сүүлийн нэг сарын дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулах юм.