“Мянган сор” ХХК-ийн захирал Т.Ганцэцэг Кино урлагийг дэмжих сангаас 240 саяын санхүүжилт авчээ
Төмөрбаатарын Ганцэцэг захиралтай “Иргэдийн цахим оролцоо” НҮТББ “Кино нүүдэл сургалт” кино зохиол, кино төслийн сургалт хийхээр 240 саяыг Кино урлагийг дэмжих сангаас энэ оны дөрөвдүгээр сард авчээ. Энэ нь тус сангаас олгосон санхүүжилтийн хамгийн дээд мөнгөн дүн юм
Тус төслийн хугацаа энэ оны есдүгээр сарын 22-нд дуусах юм. Энэ ТББ-ын хувь эзэмшигчээр нь Раднаадоржийн Ангармаа, Уламоргих нар бүртгэлтэй байна. Ямар чиг үүрэгтэй байгууллага болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга.
Улсын бүртгэлийн мэдээллийг шүүж үзвэл Т.Ганцэцэг, Р.Уламоргих нар нь “Эерэг агуулга” НҮТББ-ыг 2020 онд үүсгэн байгуулж, эзэмшдэг юм байна. Тодруулбал, Т.Ганцэцэг энэ ТББ-ын Гүйцэтгэх захирлаар, Р.Уламоргих Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. “Эерэг агуулга” НҮТББ үйл ажиллагааны чиглэлээ “Оюуны өмчийн зохиогчийн эрх түүнд хамаарах асуудлын шийдэл, олон улсын зохицуулалтыг судлаж сурталчлан таниулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” хэмээн тодорхойлжээ.
Мөн Төмөрбаатарын Ганцэцэгийн нэр дээр гадаад худалдаа, компьютерийн засвар үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг “Мянган сор” ХХК бүртгэлтэй байна.
Үүнээс гадна Жүжигчин Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “Ю тийм” ХХК Кино урлагийг дэмжих сангаас 240 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, жүжигчин Г.Ундармаа “Амира” хүүхэлдэйн олон ангит кино хийхээр энэ оны тавдугаар сарын 1-нд 240 сая төгрөгийг авсан байна. Төслийн дуусах хугацаа ирэх оны дөрөвдүгээр сарын 1 аж.