С.Амарсайхан: 100 суманд тус бүр 100 га газар сонгон, нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулна
Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа цаг уурын өөрчлөлт, олон төрлийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад төр засаг, ард иргэд, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээлэл зэрэг бүх талуудын түншлэлийг сайжруулж, биенээ дэмжин хамтарч ажиллах, соён гэгээрүүлэх, нэгдмэл ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал эртнээс сэрэмжлүүлэх үндэсний бодлого: Асуудал, шийдэл, гарц” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хурлыг Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын үндэсний хорооны дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Бид энэхүү эрдэм шинжилгээний хурлаар уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, төлөв байдлын талаар хийсэн судалгаа шинжилгээний үр дүн, санал дүгнэлтүүдийг хэлэлцэн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг улам сайжруулахад бодитой хувь нэмэр болох чухал үйл явдал болно гэдэгт итгэл дүүрэн байна. Уур амьсгалын өөрчлөлт түүний нөлөөгөөр үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг багасгах нэг арга бол тооцоо судалгаанд үндэслэсэн, бодлогоор төлөвлөж зохицуулсан стандартчилал юм шүү. Стандарт бол дэлхий нийт, улс орон, нийтийн ашиг сонирхол, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах нэн чухал хэрэглүүр, аюулгүй байдлын баталгаа юм.
2020 онд Монгол орны хэмжээнд хийсэн цөлжилтийн судалгаагаар Дундговь 50.9% хүчтэй, 30.9% нэн хүчтэй, Өвөрхангай 40.8% хүчтэй, 15.7% нэн хүчтэй, Говьсүмбэр 60.5% хүчтэй, 13.5% нэн хүчтэй, Дорноговь 43.4% хүчтэй, 10.2% нэн хүчтэй, Баянхонгор 33.6% хүчтэй, 9.8% нэн хүчтэй, Төв 21.8% хүчтэй, 6.1% нэн хүчтэй, Говь-Алтай 22.1% хүчтэй, 4.4% нэн хүчтэй, Өмнөговь 22.9% хүчтэй, 1.6% нэн хүчтэй зэрэглэлээр цөлжилтөд өртсөн байна. Эдгээр аймгуудаас тус бүрээс 100 га газар сонгож Монгол оронд байгалийн бүс бүслүүрийн онцлогт тохирсон нутгийн сортын бэлчээр тэжээлийн ургамал тарималжуулах нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, цаг хүндэрсэн үед малчдыг малын тэжээлээр хангах, байгалийн ургамлан нөмрөгийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг шингээлтийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой” гэсэн юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар зохион байгуулсан тус эрдэм шинжилгээний хуралд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, БОАЖЯ, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Стратеги судалгааны хүрээлэн, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг Судлалын Үндэсний Хүрээлэнгийн мэргэжилтэн болон бусад эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тухайлбал Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар нийт 4321 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 401 /154 Ковид-19/ хүн амь насаа алдаж, 173 хүн гэмтэж бэртэн 8553 толгой мал, амьтан хорогдож, 33.2 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Мөн Монгол Улсын хэмжээнд 2004-2013 онд жилд дунджаар 3104 аюулт үзэгдэл, осол тохиолддог байсан бол 2013-2022 онд жилд дунджаар 4529 болж нэмэгдсэн талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн нөхцөл байдал сэдвийн хүрээнд илтгэл танилцуулахдаа дурдлаа.
Харин Ус, Цаг уур, Орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь Монгол нутагт уур амьсгалын үндсэн үзүүлэлт болох агаарын хэм, хур тунадас зэрэг элементээр төдийгүй цөлжилт, экосистемийн доройтлоор нэн тод илэрч байна” хэмээгээд Монгол орны нутагт жигд шахам тархан байрласан цаг уурын 47 өртөөний өгөгдлөөс үзвэл 1940 оноос хойш 64 жилийн дотор агаарын дундаж хэм 1.80С-ээр нэмэгдсэнээс өвөл 3.60С-ээр, намар 1.30С-ээр, зун 0.50С-ээр тус тус дулаарсан талаар энэ үеэр мэдээллээ.