СХД-т замын ослоор хүүхдийн амиа хохирсон тохиолдол өндөр байна
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2022, 2023 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд хохирсон зам тээврийн осол, түүний шалтгаан нөхцөлийг дүүргийн хэмжээнд судалжээ.
Дээрх хугацаанд тус дүүрэгт зам тээврийн ослын улмаас насанд хүрээгүй болон бага насны хүүхэд бэртэж, гэмтсэн дуудлага мэдээлэл 114 бүртгэгдэж, 131 хүүхэд өртсөн байна.
Тодруулбал, 0-7 насны 3, 8-14 насны 2, 15-17 насны 1, нийт 6 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан бол 0-7 насны 26, 8-14 насны 71, 15-17 насны 28, нийт 125 хүүхэд бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон байна. Эдгээр 125 хүүхдийн 89 нь явган зорчигч, 32 нь тээврийн хэрэгслээр зорчигч, 3 нь дугуйгаар зорчигч байжээ. Харин хүйсийн хувьд эрэгтэй 74, эмэгтэй 51 хүүхэд байсан байна.
Дээрх зам тээврийн осолд өртөж хохирсон 131 хүүхдээс 25 нь сургуулийн орчимд зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн байсан нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: Тойм.мн