Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 23 иргэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нүүрсний хулгайн хэрэг” болон олны анхаарлыг татсан зарим хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа мэдээлэл өглөө. Тэрээр “Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож, шүүх хурал ажлын 31 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал есөн үе шаттай зохион байгуулагдахаас дөрөв дэх үе шатандаа явж байна. Одоогийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судлах үйл ажиллагаа явагдаж байгаа. Гүйцэтгэлийн хувьд 85 хувьтай байна” хэмээлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Эрүүгийн анхан шатны шүүхэд нүүрсний хэрэгтэй холбоотой нэг ч хэрэг шилжээгүй байгаа. Дээрх хэргүүд бүгд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас шүүхээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин прокурорын байгууллагын саналаар шүүхээс 23 иргэнд цагдан хорих, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Одоогоор төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Прокурорын саналаар шүүхээс нэр бүхий төрийн албан тушаалтанд хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Авлига, албан тушаал, нүүрсний болон тусгай сантай холбоотой хэрэг шүүхэд шилжсэн тохиолдолд тухайн үед нь нээлттэй мэдээлэл өгөх боломжтой. Мөн Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж бөгөөд шүүхэд шилжиж ирээгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *