“Коронавируст халдварын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа
ЭМЯ, УОК, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улс дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын суурин төлөөлөгчийн газар хамтран “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр АШУҮИС-д зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, Улсын онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатар, Монгол Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар оролцож, үг хэлсэн юм.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх, хэзээ, ямар мутаци дахин дэгдэх, хэр зэрэг хор хохирол учруулахыг хэн ч тааж мэдэх боломжгүй үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгаа сэргээх, ажлын байр хадгалж, ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажилласан. УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий эрдэмтдийн зөвлөл байгуулан ажилласан нь маш үр дүнтэй байлаа. Эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх гол найдвар нь вакцин байсан учраас төр, засаг ард иргэдээ цаг алдалгүй вакцинд хамруулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.
Бид цаашид тайвширч өнгөрснөө мартах бус алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, болзошгүй гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Гамшгийн эрсдэл үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж, үнэлгээ хийх, түүнээс урьдчилан сэргийлэх, улмаар экосистемийн доройтол, халдварт цар тахал зэрэг нийлмэл хүчин зүйлсийг шийдвэрлэх чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээнд тулгуурласан эрсдэлийн менежментийг хөгжүүлэх, инновац, шинжлэх ухаанч онол, арга зүйн боловсруулалтыг нэвтрүүлэх, Гамшгийн мэдээллийн санг бүрдүүлэх, өгөгдлийн сан ашиглалтыг сайжруулах, аливаа гамшиг осолын үед тэсвэртэй олон талт дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх, Гамшгаас хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөц боловсон хүчний бодлогыг анхааран мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулах, Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, Гамшгаас хамгаалах болон Эрүүл мэндийн тухай хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог үе шаттайгаар шинэчлэн чадавхижуулж, иргэдээ мэдээлэлжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх, нийгмийн суурь өвчлөлийг багасгах нийтийн эрүүл мэндийн чиглэлд онцгой анхаарч ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрсдэлийн үеийн ажиллах горим, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг чиглэлүүдэд анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Тус хуралд (КОВИД-19) цар тахлын үеийн бодлого, эрх зүй, нийгэм, эдийн засаг, эрсдэлийн үнэлгээ, харилцаа холбоо, логистик, шуурхай хариу арга хэмжээ, халдварын хяналт сэргийлэлт, тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүний нөөцийн бэлэн байдлын чиглэлээр хийгдсэн нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүд хэлэлцсэн юм.