Б.Баярдаваа: Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэвэр бодлогын үр дүн

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

–Ковидын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэн мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна. Дэлхийн Төв банкууд бодлогын хүүгээ сулруулахад зорихгүй байх шиг байна. Тиймээс нөхцөл байдлыг төдий л сайжирна гэж харахгүй байна уу?

–Төв банкны үндсэн зорилт нь инфляцыг тогтвортой байлгах. Ковидын цар тахлын хүндрэл нь ихэнх төв банкнуудын зорилтод сорилт үүсгэсэн. Инфляцыг 2-3 хувьд байлгах зорилготой төв банкуудын инфляц 9, 10 хувьд хүрч, 3 дахин нэмэгдсэн. Харин манай инфляцын хувьд зорилтоосоо 2 дахин нэмэгдсэн. Сүүлийн үеийн хандлагыг харвал 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн дэлхий нийтэд инфляц буурах хандлага ажиглагдаж байгаа ч их хөшүүн байна. Ийм орчинд төв банкнуудын инфляцыг тогтворжуулахад чиглэж байгаа мөнгөний бодлого нь тодорхой түвшинд хатуу төлөв байдалтай үргэлжлэхээс өөр аргагүй. Хатуу төлөв гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд бодлогын хүүнүүд өснө ч гэсэн үг биш буурахгүй ч гэсэн үг биш юм. Дэлхийн санхүүгийн зах зээлийн жишиг хүүг тогтоодог Холбооны Нөөцийн банкны суурь хүү өсч байгаа ч зарим улс орнууд бодлогын хүүгээ бууруулж эхлэх шинж ажиглагдаж байна. Энэ нь инфляцын бууралттай уялдаж байгаа болохоос биш мөнгөний бодлогын төлөв зөөлөн төлөвт шилжсэн гэсэн үг биш юм. Харин мөнгөний бодлого хэт хатуу төлөвт удаан үргэлжлэх, хэт хатуу байхаас сэргийлж байгаа хэрэг.

–Инфляцын цаашдын хандлагыг авч үзвэл ямар хандлагатай байна вэ?

– Дараагийн шатанд инфляцад нөлөө үзүүлж болзошгүй хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, валютын ханшийн нөлөө. Цар тахал бол үүний дараагаар олон улсын харилцаанд үүссэн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед АНУ-ын доллар дэлхийн бараг бүх валютуудын эсрэг чангарсан буюу бусад валютууд ам.долларын эсрэг суларсан тул тухайн улсуудын хувьд импортын барааны үнийг дотоодын зах зээлд өсгөж байна. Хоёр дахь хүчин зүйл нь ковидын дараах сэргэлтийн үед бизнес эргэн сэргэж байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл дагаад сэргэж байна. Хөдөлмөрийн зах зээл дагаж сэргэхийн хэрээр хэрэглээнд зарцуулагдах орлого нэмэгдэж байна. Дагаад өндөр инфляцын үед цалингийн өсөлтүүд инфляцын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор бодит орлогын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор нэмэгдэж байна. Энэ нь нэг талаасаа орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг тэтгэх замаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй боловч нөгөө талдаа бизнесийн хувьд үйл ажиллагааны зардал. Энэ утгаараа дэлхий нийтээр зардлын инфляц үүсэх вий гэсэн болгоомжлолтой байна. Гурав дахь том хүчин зүйлийн хувьд, хэдийгээр цар тахлын үед үүссэн тээвэр логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол илаарших тал руугаа явж байгаа ч бүрэн арилаагүй байна. Энэ нь нийлүүлэлт, тээвэртэй холбоотойгоор үүсэж байгаа зардал цар тахлын өмнөх хэвийн үеийн түвшиндээ хараахан хүрээгүй байна. Тэгэхээр энэ нь нэг талаасаа инфляцад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэд нөлөөтэй. Мөн глобалчлал, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд доголдол томоохон өөрчлөлт орох эрсдэлтэй байна. Дэлхий нийтээрээ нийлүүлэлтийн харилцан хамааралтай орчинд үйлдвэрлэл, бизнес хийгдэж байгаа. Энэ нь доголдоод ирэхээр бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний зардал үүсгэж байна. Хамгийн тод жишээ бол цар тахлын үед Орос, Украйны олон улсын харилцааны нөхцөл байдлын үед нийлүүлэлтийн доголдлоос сэргийлэхийн тулд илүү их хэмжээний бараа материалын нөөцтэй байх нөхцөл байдалтай тулгарсан. Энэ нь хүссэн хүсээгүй эргэлтийн хөрөнгийн зардлыг бизнесүүдэд бий болгосон. Инфляцад ч нөлөөгөө үзүүлж байгаа. Эрэлтийн талаасаа цар тахлын дараагаар эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор ялангуяа Америк, Европ гэх мэт том зах зээлүүдийн хувьд хөдөлмөрийн зах зээл нь маш сайн сэргэлттэй байгаа нь бизнесийн борлуулалтын орлого дээр эерэг нөлөө үзүүлж, эрэлтийн шинж чанартай болгоомжлолыг бий болгож байгаа учраас төв банкнууд дараа үеийн нөлөөгөөс сэргийлж, инфляц ужгирахаас сэргийлж, тодорхой хэмжээнд мөнгөний бодлогоо хатуу төлөвт хадгалж  байна.

–Унаж байсан манай эдийн засаг хэвийн түвшинд хүрч, 4.8 хувийн өсөлтийг өнгөрсөн онд үзүүлсэн шүү дээ. Инфляц ч 16 хувьд хүртэл өссөн удаатай ч одоо бол 12 руу буучихсан байгаагаас эргээд харахад үүнд бодлогын шийдвэрийн нөлөө хэр байв?

–Монгол Улсын хувьд 2020 онд эдийн засаг 4.6 хувийн уналттай, 2021 онд цар тахлаас аажим сэргээд 1.6 хувийн өсөлттэй, 2022 онд таны хэлснээр 4.8 хувийн өсөлттэй гарсан. 2022 оны 4.8 хувийн өсөлт бол цэвэр бодлогын үр дүн гэж харж байна. Яагаад ингэж дүгнэж байна вэ гэхээр  олон улсад үүссэн геополитикийн асуудал бүрэн шийдэгдээгүй буюу гадаад орчин таатай биш байсан. Худалдааны том түнш, экспортын 80-90 хувийн худалдан авагч тал  болох Хятадын зах зээл цар тахлын хатуу зохицуулалт үргэлжжилж, хил хаалттай гэж болохоор байсан. Энэ нь экспорт, импортын тээвэр, экспортын эрэлтэд сөрөг нөлөөтэй байсан. Үүний тод илрэл нь юу байв гэхээр тээвэр логистикийн хүндрэл 2022 онд бүрэн шийдэгдээгүй, эхний хагаст маш  хүндрэлтэй нөхцөл байдалд явсан. 2021 оны хоёрдугаар улирлаас эхлээд 2022 оны эхний гурван улирал дуустал Монгол Улс нүүрсний экспортын орлогогүй байсан. Ийм орчинд уул уурхайн салбараас, гадаад эдийн засгийн орчноос дотоод эдийн засгийн өсөлтийг тэтгэх эерэг нөлөө үндсэндээ байхгүй байв. Ийм үед эдийн засгийн өсөлт хаанаас бий болсон бэ? гэсэн асуултын хариулт бол худалдаа, үйлчилгээ, ХАА, боловсруулах салбар, хэрэглээ, бүтээн байгуулалт гэх мэт уул уурхайн бус салбаруудын өсөлтөөс бий болсон үүний ард зээл санхүүжилтийн бодлого, салбаруудын зохицуулалтууд байгаа.

–Зээлийн санхүүжилт, мөнгөний бодлого хэрхэн эдийн засгийн өсөлтийг суурь болсон талаар тодруулах шаардлагатай байх.

–Тэгэхээр уул уурхайн салбарын доголдолын сөрөг нөлөөг зээл санхүүжилтийн бодлогоор нөхсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбараас орж ирэх орлого доголдоход дотоодын санхүүгийн зах зээл дээр эх үүсвэрийн дутагдлыг бий болгосон. Энэ нь эцэстээ зээлдэгч нарын хувьд эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл гээд эдийн засагт шаардлагатай байгаа санхүүжилтийн доголдолд оруулсан. Харин 2018, 19, 20 он гээд цар тахал хүртэл төсөв дээр ч, гадаад валютын нөөцөд ч тодорхой хэмжээний санхүүгийн нөөц хуримтлуулсан байсан нь 2020 оноос эхэлсэн цар тахал, түүнтэй үргэлжлээд залгасан олон улсын харилцааны хүндрэлтэй нөхцөл байдлын орчинд дотоод эдийн засгийг дэмжих бодлогын орон зайг бий болгож өгсөн. Үүнийг зохицуулагч байгууллага болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газартай хамтраад хэрэгжүүлэхдээ зээлийн төлөвлөгөө байдлаар санхүүжилтийн эх үүсвэрийг нийлүүлсэн. Ихэнхдээ төв банкнаас репо санхүүжилт, ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн бол санхүүжилтийн дийлэнхийг арилжааны банкнуудын өөрийнх нь эх үүсвэрийг дайчилж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Үүнийг хийсэн хөшүүрэг нь Засгийн газраас олгосон хүүний татаас байсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн өөрчлөлт, хойшлуулалт зэрэг нь зээлийн тасалдалаас сэргийлэхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг авч үлдэхэд нөлөөлсөн. Энэ нь эдийн засгийн сэргэлтийн суурь болсон. Эдийн засаг 2020 оны -4.6%-ийн уналтаас 2022 онд 4.8% болж байхад 2021 онд зээлийн өсөлт  2020 оны 3.4 хувийн уналтаас 9.7 хувь, 2022 онд 19 хувь болж өссөн юм.

–Манай хамгийн том нийлүүлэгч зах зээл бол Хятад улс. Хятадын зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн салбар энэ цаг үед сэргэж буйтай холбоотойгоор манай түүхий эдийн экспорт нэмэгдэх гарц байна гэж харж байна. Тэгэхээр Хятадын зах зээлийг хэрхэн яаж харж байна. Энэ боломжийг ашиглах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж болох вэ?

–БНХАУ-ын дэлхийд 1, 2-т орох том эдийн засгийн өсөлт 2022 оны эхнээс эргээд цар тахлын бодлогоо зөөлрүүлээд эргэж нээгдэж байгаа нь Монголын эдийн засаг төдийгүй, дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа. Үүний дамжиж орж ирж байгаа шууд суваг бол эрдэс бүтээгдэхүүний үнийн зах зээл дээр эерэг нөлөөллийг үүсгэж, эерэг хүлээлтийг бий болгож байна. Гэхдээ Хятадын эдийн засаг өөрөө 5 орчим хувиар өснө гэдэг бол энэ том хэмжээтэй зах зээл дээр том үзүүлэлт, том хэмжээгээр эдийн засаг өсөх гэж байна гэсэн үг. Бидний анзаарах ёстой зүйл нь Хятадын эдийн засаг өөрөө гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурласан хөгжлийн загвараас илүүтэйгээр дотоод эдийн засгийн чадавхад тулгуурласан хөгжлийн загвар руу шилжиж байгааг анхаарах ёстой. Нөгөө талд энэ том хэмжээний зах зээл дээр аливаа төрлийн бүтээгдэхүүнийхээ эрэлтийг хангах тал дээр сайн бизнесийн харилцаатай байх ёстой. Нүүрс, төмрийн хүдэр, зэс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна юун түрүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн мах, ноолуур гэх мэтчилэн бусад олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ рүү холбож чадах юм бол дэлхийн зах зээлтэй холбогдож чадна гэсэн үг.

–Тэгвэл бид одоо энэ зах зээл рүү тогтвортой нийлүүлэлт хийж чадахаар байна уу?

–Бидний хамгийн түрүүнд харах бүтээгдэхүүн бол ноолуур. Чанараараа ч тэр, хэмжээгээрээ ч Дэлхийд өрсөлдөж чадахуйц том салбар. Бид өнөөдөр 300 сая долларын ноолуур харьцангуй түүхий байдлаар экспортолж байгаа боловч, нэмүү өртөг шингээгээд нэгээс хоёр шат ахиулахад энэ салбараас олох орлогыг 2-3 дахин нэмэгдүүлэх бололцоотой. Тиймээс төр засгаас, санхүүгийн сектороос тасралтгүй дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, сайжруулах ёстой. Харин махны зах зээлийн хувьд нийлүүлэлтийг гинжин хэлхээ, бүтээмжийг сайжруулахгүйгээр экспортод мах гаргах бололцоо байхгүй. Тодорхой хэмжээний мах экспортоллоо гэхэд л дотоодын зах зээл дээр хомсдол үүсэж, дотоодын зах зээл дээр үнийн өсөлт, инфляц болж байна. Тэгэхээр махны нийлүүлэлт тогтвортой биш, салбар нь өөрөө эргэлтэд бүрэн ороогүй, тогтвортой ажиллаж чадахгүй, бүтээмж нь муу байна гэдгийг маш тодорхой харуулж байна. 70 сая малыг яавал тогтвортой махны нийлүүлэлтийн эх үүсвэр болгож, эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? Гэдэг нь олон зүйлстэй холбогдож байна. Тухайлбал, нийгмин хавтгайрсан халамжтай ч холбогдоно. Цаашилбал, малаас гаралтай түүхий эд, дагавар бүтээгдэхүүнийг боловсруулах аж үйлдвэрийн салбар, бүр цаашилбал хөдөө аж ахуйн салбар малчдад олгож байгаа нийгмийн халамж энэ бүх зүйлүүдтэй уялдаж байна. Хөдөө аж ахуйн салбарыг төр засаг, санхүүгийн системээс бүх төрлийн сувгаар буюу дотоод, гадаадын эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Харин үр дүн хаана байна гэдгийг сайн үнэлэх ёстой,  тэгж байж дараагийн хөтөлбөр, арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж хөтөлбөрийг хүрээнд уг нь нийлүүлэлтийн гинжин хэлхээг хөгжүүлж, тогвортой, өрсөлдөх чадвартай тогтвортой салбарыг л хөгжүүлэхийг зорьж байна.

–Хүнс, ХАА бүтээгдэхүүний үнийн инфляцад үзүүлэх нөлөөг хэрхэн харж байна вэ?

– Динамик шинжилгээнээс харахад нийт инфляцын 40-50%-ийг мах, гурил, сүү, хүнсний ногоо, шатахуун гэсэн 5 бүтээгдэхүүн үүсгэдэг. Өнөөдрийн инфляцыг бүлгүүдээс задалж үзвэл  дотоодын хүнсний бүлгийн жилийн инфляц 27%, энэ нь нийт 11.3%-ийн инфляцын 36%-ийг бүрдүүлж байна. Хүнсний инфляцынхаа 47%-ийг гурил болон гурилан бүтээгдэхүүн, 22%-ийг махны үнэ бүрдүүлж байна. Тэгэхээр энэ салбарыг тогтолцоо болон нийлүүлэлтийн гинжин хэлхээнийх нь хувьд ингэж сайжруулахаас өөр арга байхгүй. Идэш бэлтгэж, ургац хурааж байгаа намрын улирлаас эхлээд хавар, зуны эхэн саруудад чанартай бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр хэрэглэж чаддаг нийлүүлэлт, хадгалалтын тогтолцоог л бүрдүүлэх хэрэгтэй.

–Эцэст нь, Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллийг тодруулья. ЭЗӨ-ийг 2023 онд 4 хувиар төсөөлсөн. Гэтэл олон улсын байгууллагууд 5 хувь гэж өөдрөгөөр харж байна?

–Сүүлийн 3 жилийн хугацаанд тэр гэх боломжгүй тодорхой бус орчинд бодлого боловсруулагч нар шийдвэр гаргаж байгаа. Нэг эрсдэлтэй нөхцөл байдал шийдвэрлэгдэхэд дараагийн шинэ эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн ийм орчинд явж ирлээ. Энэ утгаараа бид хамгийн консерватив, хамгийн болгоомжтой төсөөллүүдийг хийж байна. Үүнийг хийхдээ шинэ нөхцөл байдал үүсч,  бидний хүлээлтээс давсан нөхцөл байдал үүсэхэд түүнийг тодорхой хэмжээнд баталгаажуулж байж төсөөллийн шинэчлэл руу оруулж байна. Өнгөрсөн оны эцэст хийсэн төсөөллөөр эдийн засгийн өсөлт 4% байх төлөвтэй байсан бол одоо 1-р улирлын гүйцэтгэлд үндэслэн энэхүү төсөөллийг шинэчилж байна. Одоогийн байдлаар уул уурхайн бус салбарын хүлээлтээс 1 орчим функтээр бага гарч байна. Харин уул уурхайн салбар нь нүүрсний экспортын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээлтээс давлаа.  Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээнд банкны системээс хүнсний салбар, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд олгож байгаа зээл олголтыг чиглүүлж байна. Энэ нь нийт эдийн засаг дахь зээл, санхүүжилтийн нөхцөл, хүнсний чиглэлийн салбарт тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр энэхүү мэдээллүүдийг нэгтгэн төсөөллөө шинэчлээд 6 сард болох мөнгөний бодлогын хорооны хуралд танилцуулах болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *