“Ид шидийн орон” барих газрыг шийдвэрлэлээ
“Лантуун дохио” ТББ-аас санаачлан “Амьдралын томилгоо” ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” төслийг Өвөрхангай аймагт нээлээ.
Аймаг, орон нутгаас төслийг дэмжиж, дэд бүтэц бүхий 3840 м.кв газрыг шийдвэрлэж өгсөн ба төвийн үйл ажиллагааг эхлэхээр урсгал зардлыг төсөвт суулгаж өгөхөө аймгийн Засаг дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар илэрхийллээ.
Улаанбаатар хот, Дундговь аймагт гурван төслийг амжилттай хэрэгжүүлсэн баг, хамт олон энэ удаа 8 аймагт “Ид шидийн орон”-г барих төлөвлөгөөтэй байгаагийн нэг нь Өвөрхангай бөгөөд олон нийтийн хандив, тусламжаар Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг байгуулах зорилготой байна.
“Одоогоор 6.8 сая төгрөг цуглаад байгаа. Үүнд хүүхдийнхээ сайн сайхны төлөө цохилох зүрхтэй эцэг, эх, ах, эгч нараас эхлээд цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд хүртэл оролцож байна” хэмээн “Амьдралын томилгоо” ТББ-ын тэргүүн С.Солонго хэллээ.
Хэдийгээр Өвөрхангай аймагт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх кино театр, номын сан, цэцэрлэгт хүрээлэн, усан бассейн, хүүхдийн парк, ордон байгаа боловч ихэнх нь төлбөртэй учраас хүүхдүүд хүссэн үедээ очиж чаддаггүй. Тэгвэл “Ид шидийн орон”-г барьснаар нэг кг хуванцар сав, лааз цуглуулаад очиход нэг сарын төлбөрөө төлж, хүссэн дугуйлан, сургалтдаа хамрагдах, хөгжих, хамгаалуулах, ээлтэй ногоон орчныг бүрдүүлэхэд гар бие оролцох боломж бүрдэнэ.