Зургаан чиглэлд шөнийн автобус явна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай  зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс цахимаар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 81 хувьтай байлаа. Тухайлбал, гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил болон гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. 16 бичил цэцэрлэгт хүрээлэнгээс есөд нь тендерийн материал хүлээн авч байгаа бол тавд нь гэрээ байгуулж, хоёрт нь Үнэлгээний хороо байгуулжээ. Мөн 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 48 байршилд 780 гарааш буюу 14,040 ам метр талбайг чөлөөлөөд байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ. Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ. Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ.

Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *