Дорнод аймгийн харъяат Б.Лхагвасүрэн сүмогийн озэки цол хүртлээ
Сүмо бөхийн дээд зиндааны тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё тавдугаар сарын 28-д өндөрлөсөн. Тус башёг 11 даваа дөрвөн унаатай дуусгаж тэргүүлэгчдийн эгнээнд багтсан сэкивакэ (Сүмогийн гурав дахь том цол) Кирибаяма Б.Лхагвасүрэн дараагийн тэмцээнд озэки цол руу дэвшин барилдахаар болсон юм.
Озэки цол нь сүмогийн дээд зиндааны хоёр дахь том цол бөгөөд сүүлийн гурван тэмцээн дараалан 33-аас олон даваа авсан сэкивакэ уг цолын болзлыг хангадаг.
Кирибаяма Тэцүо буюу Бямбачулууны Лхагвасүрэн нь 1996 оны дөрөвдүгээр сарын 24-д Дорнод аймагт төржээ. 17 насандаа Улаанбаатарт ирсэн тэрээр анх үндэсний бөх болон жүдогоор хичээллэдэг байв. Улмаар 2014 онд урилгаар Мичинокү дэвжээнд сүмогоор хичээллэхээр арлын орныг зорьсон түүхтэй.
Тэрээр мэргэжлийн тамирчин болохын тулд дөрвөн жилийг зарцуулсан бөгөөд 2019 оноос ёкозүна Какүрюү М.Анандын хамт Мичинокү дэвжээнд барилдаж эхэлсэн. М.Ананд аварга одоо тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байна.
Сэкивакэ цолтойгоор барилдсан ердөө хоёр тэмцээний дараа озэки цолд хүрсэн тэрээр Монголын зургаа дахь озэки болсон төдийгүй Technique Prize шагналыг гурван тэмцээн дараалан хүртлээ.
Энэ талаар Лхагвасүрэн “Би озэки цолоо хадгалахын тулд улам шаргуу хичээнэ. Сүмогоо орхиод Монгол руу буцах бодол цөөнгүй байсан. Одоо тэр хэцүү үеийг давсандаа баяртай байна” гэжээ.Нагоя башё долоодугаар сарын 9-23-ны хооронд үргэлжилнэ.