Н.Түвшинбаярыг баривчилжээ
Өнөгөрөгч баасан гарагт /2021.04.02/ олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяр нутгийн бөх, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гээмтээсэн. Тэрбээр өөрөө тархиндаа битүү гэмтэлтэй “Интермед” эмнэлэгт хяналтад байгаа гэх шалтгаанаар цагдан хорих нь хойшлогдоод байсан юм.
Тэгвэл түүнийг баривчилсан гэх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өглөө.
Тэрбээр “Н.Түвшинбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийднэ. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлсэн. Хэргийн талаар янз бүрийн батлагдаагүй мэдээлэл гарч байна. Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, биеийн байдлыг хэвийн болгох ажиллагаа хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд саатуулсан” гэлээ.
Эрүүгийн хуулийн 11.1 буюу бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан гэх заалтын дагуу гэм буруу нь тогтоогдвол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.