“Улаанбаатар марафон-2023” эхэллээ
“Улаанбаатар марафон-2023“ олон улсын гүйлтийн тэмцээн эхэллээ.
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж энэ удаа 30 орны 20 мянга гаруй хүн оролцож байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ ““Улаанбаатар марафон-2023“ олон улсын гүйлтэд шандас сорьж буй оролцогчид, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.
Энэ жилийн “Улаанбаатар марафон”-д тив, дэлхийд алдар нэрээ дурсгаж, хурд хүчээ үнэлүүлсэн эрхэм хүндтэй тамирчид, гүйлтийн спортоор сонирхон хичээллэгсэд, эрүүл амьдралын хэв маягийг хувь хүнийхээ төдийгүй гэр бүлийнхээ үнэт зүйл болгон өвлүүлэн сургаж буй ахмад буурлууд болон нас насны төлөөллөөс бүрдсэн 30 орны 20 мянга гаруй тамирчин оролцож байна. Та бүхний нийтийн эрүүл мэндийн боловсрол болон нийтийн биеийн тамирын хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлж, эрүүл энх, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн эрүүл амьдралын хэв маягийг таниулан сурталчилж, зааж сурган, түгээн дэлгэрүүлж байгаа спорт сургалтын төв, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид “Улаанбаатар марафон 2023”-тай хамт байж, үзэгч, оролцогч хүн бүрд нээлттэй боломж олгох болсонд талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт улаанбаатарчууд аа, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бүх нийтийн соёл болгон төлөвшүүлэхийн тулд нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.