Төв талбайд IV эмнэлэг, “Гялс” төвийнхөн үнэгүй үзлэг хийнэ
Автомашингүй өдрийн хүрээнд өнөөдөр “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн онцлог нь “Улаанбаатар марафон” цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжөөд буй. Тодруулбал, энэ жил Сүхбаатарын талбайд ирсэн хэн бүхэн эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцах боломжтой юм.
Өдөрлөгийн үеэр төв талбайд Дөрөвдүгээр эмнэлэг, “Гялс” төв, “Монгол эм импэкс нэгтгэл”, “Денк фарм” эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж, “Ахиллас Монгол” ТББ хөхний хорт хавдар, умайн хорт хавдрын оношилгоо хийнэ.
Түүнэчлэн өнөөдөр төв талбайд урлаг соёлынхон бүтэн өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн үзүүлбэр болно.