О.Мишээл: 100 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлнэ
“Тавантолгой түлш” ХХК ирэх өвлийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлээд байгаа аж. Нийслэлийн гэр хорооллын 200 орчим мянган айл өрх галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас дараа оны тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшийг худалдан авч хэрэглэдэг. Нэг галлагааны улиралд 480-600 орчим мянган тонн шахмал түлш хэрэглэдэг байна. Тэгвэл ирэх өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, хэдий хэмжээний түлшний нөөц бүрдүүлээд байгаа талаар тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээлээс тодрууллаа.
-Тавантолгой түлш ХХК тавдугаар сарын 15-аар шахмал түлшнийхээ борлуулалтыг зогсоосон. Гэвч цаг агаар хүйтэн байсантай холбоотойгоор “шахмал түлш олдохгүй байна” гэх гомдол иргэдийн дунд нэлээд байсан. Шахмал түлшийг зундаа худалдан борлуулах уу?
-Галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас дараа оны тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт гэрээт цэгүүдээр дамжуулан худалдан борлуулдаг. Энэ нь орон сууцны айлын дулаан авах хугацаатай адил байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд л бид шахмал түлшийг ямар нэгэн тасалдал, чирэгдэлгүйгээр нийлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулах үүргийг хүлээдэг гэсэн үг. Энэ жилийн тухайд тавдугаар сарын 15-нд борлуулалт зогсоосон ч цаг агаар хүйтэн, цас орсон болохоор борлуулалтын хугацааг дөрөв хоногоор сунгасан. Зун түлш худалдан борлуулахгүй.
-Өвлийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн гэж байсан. Түлшний нөөц хэрхэн бүрдүүлж байна вэ?
-Манай компани галлагааны улирал зогсохооос өмнө дөрөвдүгээр сараас эхлээд дараа өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулдаг. Энэ ажлын хүрээнд галлагааны улиралд хэрэглэх шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлдэг гэсэн үг. Ингэхдээ шахмал түлшийг зайлшгүй битүү агуулахад хадгалдаг учир үйлдвэрийн батлагдсан төлөвлөгөөгөө, албан хүсэлтийн хамт Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлдэг. Үүний дагуу тухайн газар, манай байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч нийслэлд түлш нөөцлөх агуулахын судлагааг гаргаад шаардлагад нийцсэн агуулахын эзэдтэй түрээсийн гэрээ байгуулдаг. Тухайн түрээслэсэн агуулахдаа өвөл хэрэглэх шахмал түлшийг борооны усанд норгохгүй, агаар салхинд илжрүүлэхгүй байдлаар хадгалж нөөцөлдөг. Энэ жилийн тухайд 5, 6-р саруудад 50.000 тонн шахмал түлш нөөцлөөд долоодугара сард амарч үйлдвэрийн шугамуудад урсгал засварын ажил хийнэ. Ингээд 8, 9-р саруудад 50.000 тонн шахмал түлш нөөцлөхөөр төлөвлөсөн.
-Есдүгээр сарын 15-аас шахмал түлшний борлуулалт эхэлнэ. Борлуулалтын цэгүүдээ хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Ирэх намар шинээр цэг нээх үү, эсвэл хуучин цэгүүдээ үргэлжлүүлэн ажиллуулах уу?
-Борлуулалтын цэгээр ажиллах хүсэлтийг бид аль болох нээлттэй явуулахыг зорьдог. Тиймээс компанийн вэб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтийг хүлээн авдаг. Өнгөрсөн хугацаанд ажилласан цэгүүдийн бүртгэлийг ч цахимаар авсан. Ирсэн хүсэлтүүдээс шаардлага хангаж байгаа хувь хүнтэй гэрээ байгуулдаг. Мэдээж цэгээр ажиллах бол өөрийн гэсэн хашаатай, битүү агуулахтай, түлш хураах дэр мод буюу подонтой, галын аюулгүй байдлыг хангасан, том оврын машин орох талбайтай байх гээд тодорхой шаардлагууд бий. Бид энэ жил ажилласан цэгүүдээсээ санхүүгийн, картын, үүрэг даалгаврын зөрчилгүй борлуулалтын 500 цэгийг үргэлжүүлэн ажиллуулах хүсэлтийг компанийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулна. Захирлын зөвлөлийн хурлаас хэрхэн шийдвэр гарна түүний дагуу явна гэсэн үг.
-Шахмал түлш худалдаалж эхэлснээс хойш зөвхөн картаар долоо хоногт 6 шуудайг олгоно гэдэг шийдвэр гарсан. Үүнийг өнгөрсөн өвөл л нэгээр нэмэгдүүлсэн байсан. Цаашид нэмэгдүүлэх үү?
-Долоо хоногт 6 шуудай гэдгийг судлагаанд суурилж гаргасан тоо юм билээ. Түүхий нүүрс түлж байх үед нийслэлд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Шахмал түлш хэрэглэснээр үүний хоёр дахин багаж жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан. Нэг айл жилдээ гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэж үзвэл долоо хоногт 6 шуудай түлш байх юм байна гэж тооцож гарсан юм билээ. Гэвч том хэмжээтэй байшин, нам даралтын зуухтай айл өрхүүдэд энэ тоо хүрэлцэхгүй байна гэдэг гомдол олноор ирсэн учир үүнийг нэгээр нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн өвөл гаргаж долоо хоногт долоон шуудай түлш олгож эхэлсэн.
-Энэ галллагааны улиралд хэдэн тонн шахмал түлш борлуулав. Ирэх жил хэдэн тонныг борлуулахаар төлөвлөсөн бэ?
-Энэ галлагааны улиралд 486 мянган тонн түлшийг худалдан борлуулсан байна. Ирэх жилийн галлагааны улиралд ч бид энэ хэмжээний түлш худалдан борлуулахаар тооцоолж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин