Туркийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Шадар сайд С.Амарсайхан оролцлоо
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Режеп Тайип Эрдоган энэ сарын 3-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм.
Анкара хотноо Ерөнхийлөгчийн цогцолбор төвд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд дэлхийн 100 гаруй улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Манай улсаас Шадар сайд С.Амарсайхан, БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Мөнхбаяр нар оролцов.
Турк Улсын Ерөнхийлөгчийн болон Парламентын ээлжит ерөнхий сонгууль өнгөрсөн сарын 14-нд зохион байгуулагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын дийлэнх олонхын буюу 50%+1 санал аваагүй тул тавдугаар сарын 28-ны өдөр явагдсан хоёр дахь шатны сонгуульд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулсан юм.
Турк Улсын 12 дахь Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийнхүү улиран сонгогдсоноор ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гурав дахь удаа хэрэгжүүлнэ. Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжилнэ, Ерөнхийлөгч Эрдоган 2028 оны тавдугаар сарыг дуустал БНТУ-ын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар болов.