Ромын папын айлчлал Монголд ирэх гадаад жуулчдын тоог нэмнэ
Ромын пап Францас ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нд тав хоног Монгол Улсад айлчлах товыг Ватиканаас зарласан.Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, ажиллаж байгаа. Ромын папын анхны айлчлал мэдээж аялал жуулчлалд нөлөөлнө. Монголд ирэх гадаад жуулчдын тоо нэмэгдэнэ. Тэр жуулчдыг аялал жуулчлалын компаниуд хүлээн авна. Ирсэн жуулчдын үйлчилгээний орлого салбарын компаниудад ашиг болж орно” гэв.
Францис Улаанбаатарт айлчлах тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард Африк дахь айлчлалаас эргэж ирснийхээ дараа хамба нарын хуралдааны үеэр анх зарлажээ.