“Зургаадугаар сарын 8-ны 16:00 цагт улс даяар нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна”
Зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
Зургаадугаар сарын 8-ны өдөр улс даяар 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэсэн. Энэ цэгт орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийх гэж байна. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ямар хүндрэлүүд учрах, түүнийг хэрхэн шийдэх, нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийнэ хэмээн ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэллээ.