Дундговь аймгийн ЗДТГ-ын дарга байсан Э нь албаны материал хуурамчаар үйлджээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.791, мөрдөн байцаалтын 3262 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мөнгө угаах 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хууль сахиулагчийг эсэргүүцэх тус бүр 3, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах, , Худал мэдүүлэх, Хүүхдийг хаях ,Хууль бусаар хил нэвтрэх болон Авлига, албан тушаалын тус бүр 1, нийт 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас иргэн П.Э, Б.Н нар нь бүлэглэн Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэж, худалдан борлуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн Л.А нь бусдын нэрээр гадаад паспорт гаргуулан авч улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дах Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дундговь аймгийн прокурорын газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Э нь Эрдэнэдалай суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа ерөнхий нөхцөл хангаагүй компанийг сонгон шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон, албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дах Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн Н.М нь асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Р” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 283,508,639 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн С.Н нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас түүний тэжээвэр нохой нь иргэн Б.Д-ийн уруулаас хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 /Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.