Цэцэрлэгжүүлэлт хийдэг “Бэлий улаан цохио” компани Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 саяыг авчээ
Цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бэлий улаан цохио” ХХК нь Эрүүл мэндийг дэмжих сангаас 48 сая төгрөгийн санхүүжилт авчээ.Төслийн нэр нь “Ахуйн цахилгаан хэрэглээний ослоос урьдчилан сэргийлэх, хэрэглэх мэдлэгийг дээшлүүлэх” юм байна.
Эрүүл мэндийг дэмжих сангийн 2019 оны зургадугаар дугаар сарын 27-ны дөрөвдүгээр тоот тогтоолоор “Бэлий улаан цохио” ХХК-д 48 сая төгрөгийн зээл олгох тушаал гарчээ. Энэ компани нь цэцэрлэгжүүлэлтээс гадна хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, газар тариалан эрхлэх чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тус компанийн захирлаар Эрдэнэбатын Отгондалай ажилладаг.
Цэцэрлэгжүүлэлт, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилт авсан нь нэгдүгээр асуудал. Төслийн нэр, зорилго ч компанийн үйл ажиллагаа болоод Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаатай нийцэхгүй байгаа нь хоёрдугаар чухал асуудал юм.
Энэ мэт огт “далий” чиглэлийн компаниуд Эрүүл мэндийг дэмжих сангаас хэрхэн санхүүжилт авсныг бид цувралаар хүргэх болно.
Эрүүл мэндийг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр хүн амд боловсрол олгох, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.