Иргэний зориг, ногоон намын даргаар Б.Батбаатарыг сонгожээ
Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчиллөө.Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар намын дэд дарга Батын Батбаатарыг 100 хувийн саналаар дэмжиж, ИЗНН-ын даргаар сонголоо.
Иргэний зориг ногоон намын даргаар сонгогдсон Б.Батбаатар “Намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Үүнээс өмнө намыг удирдан чиглүүлж ажиллаж байсан Ц.Ганхуяг даргадаа мөн талархал илэрхийлье. УИХ-ын сонгууль болоход багагүй хугацаа үлджээ. Энэ хугацаанд манай намынхан эв нэгдэлтэй байж, сонгуульд амжилттай оролцох шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт саяхан орлоо. Түүнийг дагаж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. ИЗНН хөгжлийн бодлогоо улам боловсронгуй болгож, намын дотоод асуудлаа дахин ярилцаж, шинэчлэлийн бодлогыг хамтдаа хийх болно” гэлээ.
Ийнхүү ИЗНН-аас намын дүрмийн өөрчлөлт болон намын шинэ даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр болж, холбогдох материалаа энэ долоо хоногт хүргүүлэхээр болжээ.