Мэдэгдэл: Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу нийслэлийн суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
2023 онд Баянзүрх дүүргийн 33-р хороо, Гачуурт тосгон, Баяндөхөм орчмын ногоон бүсэд байгаа 200 талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх ба тус оршуулгын газраас 2022 онд ар гэрийн хүсэлтийн дагуу 100 бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлж чандарлан, Далан давхрын оршуулгын газарт байрлах суваргад хүндэтгэлтэйгээр залсан байна.
Иймд Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Баяндөхөм (25-р гудамжны ард) байршилд талийгаач нь байгаа иргэн 2023 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс долдугаар сарын 2-ны өдрийн дотор Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэг Улаанбаатар буян компанийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье.