“Баавгай болохсон” кино Францын кино театруудаар гарна
Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл (КУЗ)-өөс өнөөдөр 76 дахь Каннын олон улсын кино наадамд оролцсон талаар мэдээлэл хийлээ.
Манай улсын уран бүтээлчид өнгөрсөн сард Каннын 76 дахь олон улсын кино наадамд ”Баавгай болохсон” киногоороо оролцоод ирсэн.“Баавгай болохсон” кино нь арванхоёрдугаар сараас Францын кино театруудаар гарахаар болжээ.
Каннын кино наадам нь дэргэдээ “Marché du film” буюу кино маркетыг давхар зохион байгуулдаг бөгөөд уг хэсэгт КУЗ-ийн ажлын алба олон улсын уран бүтээлчдийг татах, тэдний кино төслийн зураг авалтыг өөрийн оронд авхуулах зорилготойгоор оролцжээ.
Манай улс кино урлагийг дэмжих тухай хуультай болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд кино зураг авалт хийхэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээний санхүүжилттэй бол татварын буцаан олголт олгодог байхаар хуульд заасан байна.
Үүний үр дүнд ирэх жилээс өндөр төсөвтэй гадаад кинонууд манай оронд зураг авалтаа хийхээр болжээ. Мөн яг одоо Солонгосын KBS телевизийн зураг авалтын баг хоёр сарын хугацаанд манай улсад ажиллаж байгаа аж. Энэхүү зураг авалтын баг нь өмнө нь Монголд орж ирж байгаагүй хэмжээний их хөрөнгө оруулалтыг оруулж байгаа юм байна.